КИЕВ. /Anadolu/. Украины Зэвсэгт хүчийн цэргийн зориулалттай шинэ загварын дроныг амжилттай туршсан талаар тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт мэдэгдэв.

“Украины зэвсэгт хүчин, Украины ард түмэнд баяр хүргэе. Өнөөдөр бид төгс шинэ зэвсэгтэй боллоо” гэж тэрбээр Хмельницкий цэргийн баазад явагдсан дроны туршилтын үеэр мэдэгджээ.

Турк улсаас “Modern Bayraktar TB2” загварын цэргийн зориулалттай дроныг худалдаж авна гэдгээ Порошенко энэ сарын эхээр мэдэгдэж байжээ. Туркийн талаас Украин улсад зургаан ширхэг дроныг энэ жилдээ багтаан нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Цэргийн дроныг Турк улс 2015 оноос Зэвсэгт хүчин болон Аюулаас хамгаалах албандаа ашиглаж эхэлжээ. Уг дрон нь тактикийн тандалт хийх, тусгай даалгавруудад ажиглалт явуулахаас гадна шаардлагатай үед байг лазераар илрүүлж устгах чадвартай аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг