Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал илэрчээ. Энэ хагарлын эхний цэг нь Улаанчулуутын хогийн цэг бол нөгөө нь Богд уулын хойд хормой буюу Скай резорт цанын баазын ойролцоо болох нь тогтоогджээ.

Үүнээс гадна ямар хагарлын бүсүүд байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Ч.Одонбаатараас тодрууллаа. Тэрбээр "Хустайн хагарал гэхэд Улаанбаатар хотод илрүүлээд байгаа хамгийн том идэвхтэй хагарал. Бидний хийсэн судалгаагаар одоогоос 900-1000-аад жилийн өмнө газар хүчтэй хөдөлснөөс цууралт үүссэн гэсэн дүн гарсан. Ийм хагарал Улаанбаатарт зургааг илрүүлсэн. Цаашид дахин илрэх магадлалтай. Улаанбаатарт жилдээ 100 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол зарим жилд 2800 хүрсэн. Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа боллоо. Жишээлбэл, 2015 онд болсон гүнжийн газар хөдлөлт улаанбаатар хотод мэдрэгдсэн" гэв.