Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн өчигдөр нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцов.

“Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн эсрэг, тэсрэг өнгө аясуудын зөрлөгүүдийг харуулсан бөгөөд уламжлал ба орчин үе, эмх цэгц ба хог новш, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүйг харуулсан уран зураг, видео, фото, өрөг ажлуудаар дэлгэн үзүүлж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.