Монгол ардын үлгэрүүдийг англи хэлээр орчуулан эмхэтгэсэн “Tales from Mongolia” төслийн санаачлагч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.  

Мухардсан эрэл, шинэ эхлэл

Монгол үлгэрүүдийг англи хэл дээр орчуулж, зурагт ном болгон эмхэтгэсэн тэрбээр Япон улсад амьдардаг. 

Өссөн  орчноосоо шалтгаалан англиар л ярьж сурсан бага охиноо монгол ардын үлгэртэй танилцуулсан түүх энгийн.

Японд сурагчийн цүнх худалдан авахад шүгэл дагалдаж ирдэг аж. Аюул ослын үед үлээх зориулалттай тул цүнхэнд нь уяатай байдаг гэнэ. 

Охин нь шүглээ өглөө оройгүй үлээгээд байхаар нь “Чи тугал, бамбар хоёрыг үлгэр шиг юм болов доо” гэжээ. “Бамбар тугал яасан юм бэ” гэж охин нь сониучирхан лавлав. 

“Бамбар тугаланд хонх өгөөд тусламж хэрэгтэй үед л дуудаарай гэдэг юм. Гэтэл ямар ч хэрэггүй зүйлд дуудсаар, тугалд тусламж жинхэнээсээ хэрэгтэй үед нь бамбар найзыгаа өмнө шигээ дэмий зүйлд дуудаа биз гэж боддог. Харамсалтай нь найзыг нь чоно идчихсэн байдаг юм” гээд ярьж өгчээ.

Үүнээс хойш охин нь орой болгон л өнөө үлгэрээ яриулах гэж хүлээдэг болсон тухайгаа инээмсэглэн өгүүлэв.  

Багаасаа үлгэр сонсож өссөн учраас өөрийнхөө ярьж өгсөн үлгэрийг охин нь оюун сэтгэлгээндээ хэрхэн төсөөлж байгаа бол гэж боддог байв. 

Энэ бодолдоо хөтлөгдөн эх орондоо ирээд англиар орчуулсан, хүүхдэд ойлгомжтой дүрслэлтэй монгол үлгэрийн эрэлд гарсан гэнэ. Гэвч эрэл мухардав, түүний санаанд нийцэх ном олдоогүй гэнэ. 

Ингээд л хүүхдэд зориулсан зурагт монгол үлгэрийг англи хэл дээр гаргахаар шийджээ.

"Бамбар тугал хоёр","Муур багшийн үлгэр","Тэмээ буга хоёр" тэргүүтэй үлгэрүүд уг номд багтжээ. 

Үндсэн ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж, багадаа уншиж өссөн үлгэрүүдээ сэргээн санаж бичиж эхэлсэн тэрбээр ном болтол бараг хоёр жилийн хугацааг зарцуулсан гэнэ. 


Үлгэрч аавын үргэлжлэл

“Илбэ Жилбэ далайн захад

Гэлэг Ёндон уулын энгэрт

Толь Гэндэн, Толгой Шарав гэж явжээ.

Тоот бөхийн тоонд орж

Торгон зодгийн мөрөн дээрээс

Тов хийтэл атгаж

Хийж ч нэг үзэж

Хийлгэж ч нэг үзэж

Хийсгээ мэргэн заан цолыг олж нэг наргиж явжээ….”

Аав нь түүнд ийнхүү ярьж өгнө. Зүгээр ч нэг биш ээ, хоолойны өнгөө өөрчилж, жүжигчилж ярих үед нь бяцхан охины ертөнц үлгэрт автан, гүнээ шимтэн сонсоно. Үүр түүрхэн зүйрмэглэж, үлгэрийн үргэлжлэлийг зүүдэлнэ.

Аавынхаа ярьсныг дуурайж нэг үзнэ, дагаад үлгэрт дурлажээ. Ярьдаг үлгэрүүдийг бүгдийг нь цээжилчихнэ. Үлгэрт дуртай охиноо мэдэх аав нь айлд зочлохоор “Миний охин...үлгэрээ яриад өгөөрэй..” гэнгүүт хүүхэд зангаар хөөрөн дуржигнуулан уншдаг байжээ. Үлгэрч аавын нөлөөгөөр номд дурлаж, хожмоо ээж болсон хойноо ийнхүү шинэхэн үлгэрийн номоо гартаа барьчихсан сэтгэл хангалуун дурсаж сууна. 

Бага насны хүүхдүүд эргэн тойрноосоо л суралцаж өсдөг. Намайг бага байхад ээж аав маань ном их уншдаг хүмүүс байлаа. 

Аавыг номоо уншаад дуусангуут би, дараа  нь дүү уншина. Ингээд л нэг номыг гэрээрээ ээлжээ хүлээж догдолж уншдаг байлаа” гэв.

Хүүхэд бүхэн үлгэрт дуртай. Үлгэр бол сургамж, ухаарал, үүгээр дамжуулж сургамж авч байж хүүхэд зөв хүмүүждэг. Болох, болохгүйн заагийг хамгийн энгийнээр таниулах арга ухааныг багтаасан хүмүүжлийн ухаан. “Битгий, боль гэж хоосон үглэхийн оронд үлгэр уншиж өгөөд энэ талаар энгийн яриа өрнүүлэхэд л түүнээс суралцаж ойлгодог” хэмээн онцлон хэллээ.  Үлгэрч аавын охин тэрбээр одоо ч үлгэр шимтэн уншдаг хэвээрээ. 


Улс орныхоо соёл, ёс заншлыг таниулах хамгийн энгийн арга

Монгол үлгэрүүд адал явдалтай уран сайхны хэтрүүлэг ихтэй, тэр хэрээрээ хүүхдийн төсөөллийн ертөнцийг хөгжүүлдэг. Энэ тухай “Би багадаа олон орны үлгэр унших дуртай хүүхэд байлаа. Үлгэр гэдэг тухайн улс орныхоо соёлыг танилцуулдаг хамгийн энгийн лавлах шиг санагддаг. 

Жишээ вьетнам үлгэр уншаад энэ улсад одос үхэр амьдардаг талаар, хүмүүсийнх иддэг хоолны талаар анхны ойлголт авч байлаа. Үүн шиг гадаад хүүхдүүд ч гэсэн яагаад монгол үлгэрээр дамжуулж бидний талаар энгийн төсөөлөл авч болохгүй гэж. 

Номоо гаргахдаа зорьсон зүйлийн маань нэг энэ. Монгол ардын үлгэрийг англи хэл дээр хөрвүүлснээр гадаадад амьдардаг монгол хүүхдүүдэд соёл, ёс заншил, монгол ахуйгаа ойлгуулахад нь жаахан ч гэсэн дэм тус болно гэж боддог. ” хэмээн тэрбээр ярилаа.

Номын зургаас "Тэмээ буга хоёр" үлгэр

Монгол үлгэр нь ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг тайлбарладаг гэдгээрээ онцлог. Үүнийг ойлгуулахад туслах, орхигдуулж болохгүй зүйл нь зураг дүрслэл билээ. 

Номын зургаар дамжуулан монгол ахуйгаа олон улсын хүүхдүүдэд таниулж ч болно.

Жинхэнэ монгол ахуйтай төсөөллийг буулгая гэсэн түүний хүсэлд нийцэх уран бүтээлчийг тэр багагүй эржээ. Хайсаар цахим сүлжээнээс гэр бүлийн зураг зурдаг гэдгээ танигдсан В.Ундраатай танилцсан байна. Будаг өнгө, дүрслэл, хээ чимэглэл гээд олон улсын зах зээлд нэрийн хуудас болохуйц шинэ бүтээл ийнхүү хэвлэгдсэн түүхтэй. 

“Tales from Mongolia” зураачийнхаа талаар “В.Ундраа зураач яг л хүссэнээр минь бүр төсөөлснийг минь давуулж амилуулж өгсөн. Хэн хэн маань номоо заавал дуусгаж хэвлэе, монгол хүүхдүүддээ хэрэгтэй нэг зүйл ч болтугай хийе гэж зориглосноор амжилттай дуусгалаа” хэмээн сэтгэл хангалуун инээмсэглэн хэлэв.


Бидний амьдрал өөрөө үлгэр...

Орчуулагч Ч.Дэлгэрцэцэг эцэг эхчүүдэд зориулж хүүхэдтэйгээ хэрхэн ярилцаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар ийнхүү зөвлөж байна.

Хүүхдэдээ үлгэр ярьж өгнө гээд заавал “Эртээ урьдын цаг эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ.” гээд ярих шаардлагагүй л дээ. Хэн нь ч мэдэгдэхгүй хүн ярьж байснаас өөрсдийнхөө амьдралын тухай, хүүхдийнхээ таньдаг бодит хүний түүхийг хуваалцаж ч болно. Өөрсдөө төсөөлөн зохиож ч болно гэлээ. 

Аав ээж хоёр нь анх яаж танилцснаа, анх ээж болоод юу бодсон тухайгаа, хүүхдийнхээ насанд юу хийж байсан бэ, миний үед ухаалаг гар утас, ийм тоглоом байгаагүй гээд л ярьвал хүүхдүүд их дуртай хүлээж авна. 

Цаашлаад хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг нэмэгдэж, юмсыг өөрөөр харна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, үзэл бодлыг нь чөлөөтэй сонсож байгаарай.

Хэрвээ хүүхэдтэйгээ юу ярихаа мэдэхгүй байвал эхний алхам нь үлгэр ярьж өгөх юм шүү” гэлээ.