Ирэх долоо хоногт Сингапурт хийхээр товлоод буй АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр гарах Умард Солонгосын талын зардлыг АНУ төлөхгүй гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албан ажилтан Хизер Науэрт мягмар гарагт мэдэгдсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Х.Науэрт хэлэхдээ
“Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гарагт Сингапурын гадаад хэргийн сайдтай Вашингтонд уулзах үеэрээ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад тусалж буйд талархал илэрхийлсэн” гэжээ.

Мөн уг дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сингапурт айлчлах болов уу гэсэн асуултад тэрбээр хариулахдаа "Миний мэдэж байгаагаар ийм айлчлал болохгүй. Гэхдээ энэ асуудлыг би Өмнөд Солонгосын засгийн газраас тодруулна" гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг