СӨҮЛ. /ЁНХАП/. Авлига авсан, татвараас зайлсхийсэн болон хууль бус бусад үйлдэлдэлд сэжиглэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг баривчлах зөвшөөрлийг Сөүл хотын шүүхээс олгосон байна.
 
Түүнийг баривчлан Сөүл хотын зүүн хэсэгт орших урьдчилан хорих төвд ганцаарчилсан камерт хорьжээ. 76 настай түүнийг гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэлд, тэдгээрийн дотор төрийн тагнуулын албанаас болон бизнес эрхлэгчдээс 11 тэрбум воны (10,2 сая долларын) хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа ажээ. Үүнээс гадна өөрийн нууцаар эзэмшиж байсан гэх компанийн 35 тэрбум орчим воныг үрэн таран хийсэн болон татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Ли Мён Бакийг буруутгаж байгаа юм.
 
Энэ бүх гэмт хэрэг нь батлагдвал түүнд 45 жил шоронд хорих ял ногдуулж болзошгүй ажээ.  
 
Тэрээр 2008-2013 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба өмнө нь Сөүл хотын захирагч, парламентын гишүүн зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг