Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ.

Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.

Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулсан бөгөөд Үндэсний хорооны хурлаар наадмын ерөнхий найруулагчийг баталлаа.

Энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллана.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концерт, урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэлийг одооноос эхлэх, Хүй долоон худагт наадам болтол уралдаан, тэмцээн сунгаа, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сэргээшийн шинжилгээний талаарх мэдээллийг бөхчүүдэд хүргэж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох салбар хорооны дарга нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.