Монгол Улсын Үндсэн хуулинд туссан ч иргэдийн мэддэггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй заалтууд цөөнгүй байдаг юм байна. Онцлох зарим заалтыг нь хүргэе.


АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДСЭН ХОХИРЛООР ЦЭЦЭД ХАНДАЖ БОЛНО


Үндсэн хуулийн 16.2-т Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд  амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн заалт бий. Өөрийгөө хамгаалах биш хамгаалуулах эрхтэй гэж заасныг зориуд тодотгоё. Хамгийн энгийн жишээ нь агаарын бохирдол. Хотын утаанаас болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Нийт өвчлөлийн 80 гаруй хувь нь агаарын бохирдлоос үүдэж буйг мэргэжлийн байгууллагууд тогтоочихсон. Наад зах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгаагаар жилд 120 хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилж нас бардагийг тоо баримттайгаар нотолсон. Нөгөө талд нь 1200-1300 насанд хүрэгч агаарын бохирдлоос болж зүрх судасны өвчлөлөөр нас бардаг гэсэн статистик бий. Эдгээр судалгаанууд Монголын төр үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн бэлээхэн нотолгоо юм. Тэгэхээр иргэд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу “Аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна” хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй гэсэн үг.


ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЁСГҮЙ

Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн заалт бий. Энэ заалтаар бол жагсаал цуглаан хийнэ гэж зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэтэл манайд жагсаал цуглааныг заавал зөвшөөрөл авч байж хийдэг. Эрх бүхий байгууллагууд жагсах эрх өгөхгүй бол үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэсэн үг. Аль ч ардчилсан оронд жагсаал цуглаан хийх зөвшөөрлийг дүүрэг, хороо, оршин суугаа газрынх нь захиргаа өгдөггүй. Иргэд жагсаал цуглаан хийх хуулийн дагуу энэ тухайгаа мэдэгдэх л үүрэгтэй. Тухайлбал 2006 онд “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөнөөс жагсаал, цуглаан хийх мэдэгдэл өгөхөд Засаг дарга “Өөр үйл ажиллагаатай давхацсан, автомашины хөдөлгөөнд саад учруулна, иргэдийг бухимдуулна” гэсэн шалтгаан хэлж, татгалзсан байдаг.
Мөн утааны эсрэг аав, ээжүүд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл өгөхөд цэргийн баярын үйл ажиллагаатай давхцаж байна гэсэн тайлбарыг Засаг дарга өгсөн байдаг. Хуульд бол өөр үйл ажиллагаатай давхацсан гэсэн үндэслэлээр жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзах заалт байхгүй. Жагсах, цуглах гэдэг Засаг даргын эрхийн асуудал биш, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хэн ч жагсаал цуглаан хийж эрхтэй. Иргэд нь жагсахаа мэдэгдээд төрийн байгууллагууд нь хэв журмаа сахиулж, аюулгүй байдлыг хангаад явах үүрэгтэй. Гэтэл цагдаагийн байгууллага жагсах зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлах тохиолдол гарсаар байна.

ХАМГААЛАГДААГҮЙ ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨ

Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх,шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал эрхүүдийн нэг. Иргэдийнх нь олонх буддын  шашинтай манай улсад энэ эрх багагүй зөрчигддөг. Хуульчид, хүний эрхийг хамгаалагчид жишээ нотолгоотойгоор энэ асуудлыг сөхдөг ч хэн ч “Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг зөрчлөө” гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан удаагүй. Шашин шүтэх эрх чөлөөг зөрчдөг гол талбар нь сошиал ертөнц. Христ, мүүн, мормон гэх мэт шашны урсгалуудыг шүтсэн хүмүүс цахим орчинд дайралтад өртөж байгаа нь тод анзаарагддаг. Мөн ажилд орох анкет бөглөхөд зарим тохиолдолд шашин шүтлэгийг нь сонирхсон асуулт байдаг. Энэ нь иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглосон заалтыг зөрчиж байгаа хэрэг юм.