Амьдрал өөд алхахын тулд өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй, толгой сийрэг, үнэнч, шударга нөхөд, хайртай дотны хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлэх нь тун чухал. Харин одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй: “Миний хажууд буй хүмүүс ямар вэ? Тэд үнэнч итгэлтэй хүмүүс мөн үү? Аль эсвэл ашиг сонжоо харсан хуурамч “гарууд” уу?”.  Хэн нэгэнд итгэл даалгахын өмнө сайтар бодож, болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Хууртагдах маш амархан. Учир нь үнэхээр байгаагаараа байдаг, үнэнч шуударга хүмүүсийг бусад баг зүүсэн, хуурамч хүмүүсийн дундаас таньж ялгах хэцүү. Цаанаа далд санаа агуулсан “нөхдүүд” зохиосон үлгэртээ бусдыг итгүүлэхийн тулд юу ч хийж мэднэ. Иймд хэрхэн тэднийг хооронд нь ялгах талаар зөвлөгөө хүргэж байна.


#1. Хүндэтгэсэн харьцаа VS Хүлцэнгүй харьцаа 

Үнэнч шударга хүн аливаад хүндэтгэлтэй ханддаг. Тэд бусдын санаа сэтгэлийг хүндэтгэн үзэж, өөртэй нь харьцаж буй хүн бүрийг тав тухтай байлгахыг хичээнэ. Харин жинхэнэ төрхөө багны цаана далдалдаг хүмүүс эрх мэдэлтэй хүмүүсийг л хүндэлдэг. Тэд ямар ч нөхцөл байдлаас хувийн ашиг хайна. Хүссэн зүйлээ авахын тулд худлаа ярьж, жүжиглэхээс буцахгүй. 


#2. Шагнал урамшуулал хардаггүй VS Хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг 

Хэн нэгэнд тусалж, хэн нэгнийг бага ч гэсэн аз жаргалтай болгох тал дээр үнэнч хүмүүс хийсэн сайн үйлийнхээ талаар чихтэй болгонд ярьж явахгүй. Бусдад хариу нэхээгүй тус хүргэсэн талаар өөрөө бодож явахад л сэтгэл нь өег болдог. Харин хуурмаг хүмүүс эсрэгээрээ. Эхлээд тэд танд тусална. Харин дараа нь түүний хүргэсэн тусын талаар аль болох их хүнд мэдэгдүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Тэд өөрсдийгөө онцгой нэгэн гэдгийг мэдрүүлж, анхаарлын төвд байх дуртай.  Цагийг ганцаараа өнгөрүүлэх хааяа тустай байдаг. Учир нь хүнд бодол санаагаа цэгцлэх боломж гарч ирнэ. Үнэнч хүмүүс үүнийг маш сайн мэддэг. Тэдний хүрээллийн хүндэлдэг хүмүүс нь ч бас үүнийг сайн мэдэж, сайнаар хүлээж авдаг. Хуурамч хүмүүс бол анхаарлын төвд байхыг хүсдэг учир амьдралын гол дүр болохын тулд бүхнийг хийнэ. 


#3. Даруу төлөв зан VS “Би” төвт үзэл 

Mэдээж хүн бүрт өөрийнх нь хийсэн, бүтээсэн зүйлийн талаар хүмүүс олж мэдэх нь сайхан санагдана. Гэхдээ онгироо зантай хүнд дуртай хүн олдохгүй л болов уу. Чухам ийм учраас л үнэнч хүмүүс даруу байж, өөрийгөө дөвийлгөхийг хүсдэггүй. Тэд бусдын хийж бүтээсэн зүйлийн талаар сонсох дуртай.  Харин хуурамч хүмүүс өмнө нь хэлсэнчлэн анхаарлын төвд байх дуртай учир бүтээл, амжилт бүрийнхээ талаар онгирдог. Бүр тэдний нэг түүхийг хэд хэдэн удаа сонсож ч магадгүй шүү. 


#4. Нүүрэн дээр нь хэлдэг VS Ар нуруугаар нь муулдаг 

Үнэнч шударга хүнд танд хэлэх зүйл гарвал таныг аминчлан дуудаж байгаад, нүд рүү харж байгаад хэлнэ.Тэдэнд далд санаа байхгүй, тэд таныг хүндэлдэг болохоор хэлэхийг хүссэнээ шууд хэлдэг. Ингэснээр үүссэн асуудал, үл ойлголцлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг. 

Хуурамч хүмүүс ихэвчлэн аймхай байдаг. Ялангуяа ямар нэгэн маргааны, болзошгүй асуудлын талаар яриа үүсэхэд энэ зан нь тод илэрнэ. Тантай уулзахдаа тэд инээмсэглэх боловч эргэж харад төдийд ардуур чинь муулахвий. Ийм хүмүүс дэмий ярианд дурлаж, энгийн үйл ойлголцлыг дэврээж том асуудал болгохдоо гаргууд. 


#5. Хийдэг VS Ярьдаг 

Үнэнч шударга хүмүүс хэлсэн үгэндээ хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Яагаад ч бүтэхгүй байвал зоригтойгоор энэ тухай танд мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг өөрөө хүлээж, бүхнийг засаж залруулахыг оролдоно. Харин хуурмаг хүмүүс ихэвчлэн их ярьж, маш бага хийдэг. Тэд амласандаа хүрч чадаагүй тухайгаа гомдоллон ярьж, мянган шалтаг тоочих болно. Тун удалгүй та тэднийг байнга нэгэн ижил шалтаг тоочдог болохыг ч анзаарч магадгүй юм. 


#6. Өөрийгөө төгс гэж боддоггүй VS Бурханы төгс бүтээл 

Үнэнч хүмүүс байнга суралцаж байдаг. Тэд өөрсдийгөө төгс биш гэдгээ мэднэ. Бусдаас ямар нэгэн зүйл сурвал заавал талархалаа илэрхийлдэг. Хуурамч хүмүүс бусдыг шүүмжлэх дуртай. Ямар ч сайн сайхан үйл явдал болсон байлаа ч тэд шүүмжлэх зүйл олоод шүүмжилчихнэ. Тэд бусдын гаргасан алдааг дөвийлгөж, бусдыг шүүмжлэхдээ өөрийгөө илүү гэдгээ мэдэрдэг. Энэ нь ч тэдэнд таалагддаг. 


#7. Ашиг хардаггүй VS Ашиг хонжоо хайдаг 

Үнэнч хүн танд хариу нэхээгүй тус хүргэнэ. Тэр зүгээр л бусдад туслах дуртай. Хүргэсэн тусынх нь тухай олон түмэн мэдэж, та түүнд олны нүдэн дээр баярласан талархсанаа илэрхийлэх шаардлагагүй. Тэд бусдыг аз жаргалтай, сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Хуурмаг хүмүүс “би чамд, чи надад” гэсэн зарчмаар амьдардаг. Танд тусалсан болохоор эргээд ямар нэгэн зүйл хүснэ. Хүргэж гэж буй тусын хариу гэж байхгүйг мэдвэл тэд хуруугаа ч хөдөлгөхгүй гэж мэд.