“Хүлээн зөвшөөрсний дараа хөдөлж эхэл. Бодит байдал ямар ч бай та өөрөө түүнийг сонгосон мэтээр хүлээж ав. Энэ нь таны амьдралыг гайхалтайгаар өөрчилж чадна” гэж Экхарт Толле хэлсэн байдаг.

Урсгалаар амьдрах. Энэ нь маш амар сонсогдож байгаа биз? Гэвч урсгалаар тэр дотроо амьдрах заримдаа маш хэцүү байдаг. Бидний оюун санаа өчигдрийн хов жив, дурсамж, айдас түгшүүр, ирээдүйн зовнилоор дүүрсэн байдаг. Тэдгээр нь бидний бодит байдал, энгийн зүйлийн гоо үзэсгэлэнг харахад саад учруулдаг. Бодит байдлыг байгаагаар нь хүлээж авч сурахад надад маш олон жил шаардагдсан. Миний хүүхэд нас маш хэцүү байсан. Намайг арван нас хүрэхэд ээж минь нас барсан. Би ээжийгээ эмнэлэгт байхад бүх зүйл сайхан болно хэмээн бодож, эргэж очдог байсан.

Ээж минь нас барахад миний бүх зүйл үгүй болсон. Олон жилийн турш хэн ч намайг ойлгохгүй байгаа мэт бүх зүйлийн өмнө айдас мэдэрч, шархалсан зүрхтэй амьдарсан. Би аав, зургаан ахтайгаа өссөн. Бид эв найрамдалтай амьдардаг байсан ч гэрийн ганц охин эхгүй өснө гэдэг маш хүнд даваа байсан. Би өөрийгөө олж, өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, эргэн тойрноо хүлээн авахад маш урт удаан замыг туулах хэрэг гарсан.

Миний айдас, санаа зовнидог зүйлс үргэлж намайг хойш татаж, өнгөрсөнд минь амьдруулж байсан учир би бодит байдлаа дүгнэж чадахаа больсон. Гэсэн ч би өөрийгөө ялан дийлж, зүрхээ айдсаар дүүргэхийн оронд бүх зүйлийг хүлээн зөвшөөрч сурсан. Энэ үйл явц одоог хүртэл үргэлжилж буй урт хугацааны үр дүнтэй үйл явц юм. Надад хэрэг болсон энэ үйл явц танд ч гэсэн хэрэг болж мэднэ.


#1. Өнгөрснийг байгаагаар нь хүлээж авах.

Өнгөрснийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрчлөгдөж эсвэл мартахын нэр биш. Харин энэ бол бидний хүлээж авах ойлголтыг өөрчилсөнтэй холбоотой юм.

#2. Сэтгэл хөдлөлөө удирд.

Хэзээ ч өөртөө ямар нэгэн зүйл бүү хадгал. Мэдэрч буй айдас, түгшүүр, баяр жаргалаа хайртай хэн нэгэнтэйгээ хуваалцаж сур.

#3. Анхаарлаа дасгалжуул.

Анхааралтай байна гэдэг нь өөрийн дотоод болон гадаад ертөнцөө мэдэрч, мэдэхийг хэлнэ. Энэ нь таныг өнөөдөр, бодит байдлаар амьдруулахад тус болно.


Бодит амьдрал тань таны ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход хэрхэн туслах вэ?

Хүн бүр өөрийгөө бодит амьдрал руу эргүүлэн оруулж чадна. Ингэснээр та айдас, түгшүүр, зовлон шаналан гээд бүхий л зүйлээ мартаж чадна. Та өнөөдөр буюу бодит байдал танд байгаа цор ганц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн болон ирээдүй бидэнд огт хамаагүй. Бид өнгөрсөндөө амьдарч, ирээдүйдээ санаа зовних нь бидний бодит байдлыг үгүй хийдэг. Тиймээс ирээдүйгээсээ таашаал авч, жаргалтай амьдрахын тулд бид өнөөдрөөс таашаал авч, өнөөдрөөр амьдарч эхлэх хэрэгтэй. Та бол энэ дэлхий дээр байх ёстой хүн. Байх ёстой газраа байж, хийх ёстой зүйлээ хийж байгаа. Хэрэв өөр хэн нэгнийг дуурайж, хэн нэгэнтэй ижил байхыг хүсэх юм бол бодит байдалд тань эсэргүүцэл үзүүлж эхэлнэ. Тиймээс өөрийгөө хүлээн зөвшөөрч, өнгөрснийг хүлээн зөвшөөрч, ирээдүйгээ хүндэлж, өнөөдрөөр амьдар.