Шинэ үеийн манлайлагчдын нэгэн дор нэгтгэсэн Unplug арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болж байна. “Энтрэпренер сэтгэлгээ эхлэл цэг мөн үү” хэлэлцүүлгийн зочдын амжилтын талаарх онцлох үгсийг хүргэж байна.

Тэсвэр тэвчээр, хатуужил хүнд амжилтыг авчирдаг

Девелопмент Группийг үүсгэн байгуулагч Б.Одсүрэн: Би бизнест амжилт гаргасан хүмүүсийн юугаараа давуу талтайг судалж сонирхож ном сэтгүүл уншиж мэдсэн. Тэсвэр тэвчээр, хатуужил хүнд амжилтыг авчирдаг. Хэрвээ алдаанаасаа өөрийгөө сайжруулж авч гарч чадахгүй бол ямар нэг байгууллагын гүйцэтгэгч болоод л дуусна. Залуучуудад хандаж хэлэхэд тэвчээртэй, зоригтой бай. 

Өөрийгээ хэт чухалд бодвол амжилт доройтдог

Хуур мюзик группийн үүсгэн байгуулагч С.Дөлмөндах: Өөрийгөө хамгийн чухал хүн нь гэж бодож эхлэх үед бизнес доройтож эхэлдэг. Би энэ багаас гарчихвал эд нар өнгөрнө гэж боддог. Гэхдээ өөрийг чинь орлох хүн үргэлж байдаг юм. Тиймээс даруу бай. Бас хийж байгаа ажлаа мэргэжлийн нүдээр хар.

Алдааг хамгийн түрүүнд өөрөөсөө хай

SPS телевизийг үүсгэн байгуулагч Н.Наранбат: Амжилт бол бусдад мэдлэгээ хуваалцах юм. Түүнийг Сахилга баттай, шантаршгүй зан, хүн чанараар л хэмжинэ гэж боддог. Хэрэв бизнесээ амжилттай хийе гэж байгаа бол алдааг хамгийн түрүүнд өөрөөсөө хай. Ингэснээр дахиж тэр алдааг гаргах нь тун ховор.

Бизнест тууштай байх хамгийн чухал

Caffe bene mongolia tous les jours Mongolia-ийн үүсгэн байгуулагч Д.Ариунбат: Олон бизнест хүч сорьж болохоор байсан ч нарийн боов хийх чиглэлээ орхиогүйдээ баярладаг. Амжилт тийм ч хурдан ирдэггүй. Caffe bene-г нээхэд эргэн тойрны маань хүмүүс хүн болгон дэлгүүрээс 150 төгрөгөөр кофе аваад уучихна, ийм үнэтэй кофе хэн авах вэ дээ гэж хэлж байсан. Эхний жил ямар ч ашиг олоогүй. Дараа жилээс нь Монголчууд кофены соёлыг ойлгож эхэлсэн дээ. Ямар нэгэнт бизнесээ судлаад мэдчихсэн бол тууштай байх хамгийн чухал.