Сүүлийн үед цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо эрс өсч байгаа билээ. Өнгөрсөн оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг гарч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж.

Тиймээс ЦЕГ өнөөдрөөс эхлэн цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend хөдөлгөөн" арга хэмжээг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөөд байгаа юм. Тухайлбал өнөөдрөөс нэр хаяггүй, зураггүй #фэйсбүүк найз нараа #UNFRIEND хөдөлгөөнийг өрнүүлжээ. 

Мөн "Хар жагсаалт" групп нээгээд байгаа гэв. Тус групп нь олон нийтийн цахим сүлжээн дэх +18 групп, page болон бусад зохисгүй агуулгатай контентийг илрүүлж цаашлаад REPORT хийж уг мэдээллийг устгах зорилготой аж. Судалгаагаар 7 хүүхэд тутмын нэг нь садам самуунд уруу татсан зурвасыг нийгмийн сүлжээгээр дамжуулан авдаг гэж гарсан байдаг. Тиймээс ЦЕГ-аас эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдийнхээ цахим хаягт хяналт тавихыг, тэдэнд энэ талаар ойлголттой байж сэрэмжлүүлэхийг санууллаа.