Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон  "Цахим соёлоор дархлаагаа дэмжье " аянд нэгдэж байна. Энэ хүрээнд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр 17:00 цагаас Төрийн дээд шагнал "Чингис хааны" одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын "Чингис хаан" дуурийг фэйсбүүк хуудсаараа хүргэх гэж байна.

"Чингис хаан" хэмээх 2 бүлэг 6 үзэгдэлт дуурийн анхны тоглолт 2003 оны 5-р сарын 3-ны өдөр болсон юм.

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичиж Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. 

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.