Өнөөдөр дэлхийн жорлонгийн өдөр. НҮБ-аас жил бүрийн 11 сарын 19-ний  энэ өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. 

Монгол Улсын хэмжээнд одоогоор хаана ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, орчиндоо бохирдол үүсгэхгүйгээр шийдэж чадаагүй байна. 

Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн багахан хувь нь ариун цэврийн сайжруулсан байгууламж ашигласан хэвээрээ байгаа юм.

Монгол улсын хүн амын 68 хувь нь амьдарч байгаа бөгөөд нийслэлд 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагджээ.  Харин гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас энгийн нүхэн жорлон ашигладаг.

Иймд гэр хороололд амьдардаг өрхийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах нь анхаарал татсан тулгамдсан асуудлын нэг болсоор байна.

Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол нэмэгдэж байна. Гэр хорооллын айл өрхүүд бие засах газартай ч энэ нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь хөрс, ус, гадаад орчныг бохирдуулсаар байна. Хамгийн аюултай нь хүний ялгадсаар хооллосон ялаа, шавьжаар дамжин хоол хүнс, эд хогшил, бохирдож улмаар 5 хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хийсэн хөрсний бохирдлын байдалд хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хяналтад хамрагдсан нийслэлийн гэр хорооллын 370 өрхийн энгийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг, зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг байна. 

Иймээс сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өрх болон оршин суугчдад хэрхэн барьж ашиглах талаар дадал эзэмшүүлэх, эрүүл ахуйн дадал бий болгоход бидний өмнө томоохон гарц шийдэл бий болгох шаардлагатай байгаа талаар өнөөдөр НЭМҮТ-д болсон хурал дээр ярилцлаа.