Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ.

Хүүхдийг зодож шийтгэх нь тэдний эрүүл мэнд амь насанд аюул учруулж, зан суртахууныг нь дордуулдаг. Энэ яваандаа хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох зэрэг ёс суртахууны доголдолтой болдог. Яваандаа хүүхэд муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна.  

Та хүүхдэдээ гар хүрээд байвал таны хүсээгүй зан чанар хүүхдэд чинь бүрэлдэн тогтоод л байна гэсэн үг. 

Багадаа зодуулж өссөн насанд хүрэгчдээс авсан судалгаанаас харахад тэдний 90 хувь нь юунаас болж шийтгүүлж байснаа санадаггүй гэж хариулжээ.

Зодож шийтгэх нь хүмүүжлийн ямар ч үр дүнгүй арга гэдэг нь батлагдсан. Ийм аргаар өсч хүмүүжсэн хүн өөртөө итгэлгүй сул дорой цаашлаад худлаа ярьдаг, хулгай хийдэг, дайсагнагч хүн болж өсөх талтай. Ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ярилцахад өөртөө итгэлгүй, үг дуу цөөтэй, хүний нүүр рүү эгцэлж ч харж чаддаггүй нийтлэг тал ажиглагддаг. Хамгийн анхны, гаднах  илэрч байгаа шинж тэмдэг нь шүү дээ. Гэхдээ асуудлыг ухаалгаар шийдэх гарц үргэлж байдаг. 

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж, тэдэнтэй хэлэлцэж, хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг сэтгэл зүйчид сануулж байна.