“Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг МХЕГ өнгөрсөн сарын 25-наас зарласан. Тус аяны хүрээнд төрөөс баримтлаж буй “Хүн амаа өсгөх бодлого”-ыг дэмжиж, хууль бус үр хөндөлттэй хатуу тэмцэн хууль бусаар энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагатай хариуцлага тооцон ажиллах юм.

Манай улсад 2016 оны байдлаар үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос 148 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг эзэлдэг байна. Мөн үр хөндүүлсэн нийт эмэгтэйн 18 хувийг анх удаа жирэмслээд үр хөндүүлсэн эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Сүүлийн жилүүдэд үр зулбуулах эм хэрэглэсний улмаас бие нь муудаж эрүүл мэндийн байгууллагад хандаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Эм хэрэглэсэн тэдгээр эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь чанар, аюулгүй байдлын баталгаагүй эмийг хууль бусаар эм зарж буй хувь хүний гар дээрээс худалдаж авсан байдаг.

Тиймээс МХЕГ төрөөс баримтлаж буй "Хүн амаа өсгөх бодлого"-д сөргөөр нөлөөлж буй эдгээр хууль бус үйлдлүүдтэй тэмцэх зорилгоор тус аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд эмчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм, биобэлдмэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийж эхэлжээ. 

Дашрамд дурдахад, Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтэний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, жирэмслэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд олон эмчийн шийдвэрээр эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан эмнэлэгт эмчилгээний батлагдсан стандартын удирдамж, хуулийн хүрээнд л үр хөндөлт хийх ёстой юм байна.