Хөгжмийн боловсрол гэж юу вэ, яагаад заавал хүүхдэээ багаас нь аль нэг хөгжмийг тоглож сургах ёстой вэ? Энэ сэдвээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхмийн багштай Х.Зулцэцэгтэй ярилцсанаа тоймлон хүргэж байна.

УРЛАГААР ХҮМҮҮЖСЭН ХҮҮХЭД ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БОЛДОГ

Хүүхэд бүхэн хөгжимчин болох албагүй.  Гэхдээ та ирээдүйд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг бэлдэхийг хүсдэг л бол хөгжмийн боловсролыг үр хүүхэддээ заавал сургах зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Хөгжмөөр хичээллэж эхлэхэд л тархины бүхий л хэсгүүдэд нөлөөлж тархины үйл ажиллагааг дэмждэгийг нотолсон байдаг. Үүнээс гадна хичээнгүй, нягт нямбай, олон цагаар сууж аливаа зүйлд төвлөрч чаддаг, тэвчээртэй зан чанартай болдог талаар Х.Зулцэцэг багш хэлж байна. Тийм ч учраас дэлхийн хөгжсөн орнууд хөгжмийг заавал эзэмших чадварын нэг гэж үздэг. 

Хуучинсаг гэддэг Европт хөгжмийг тусгай авьяастай хүмүүсийн бус соёлт  хүний заавал мэдэх чадвар гэж үзсээр ирсэн. Ийн ойлгодог учраас эртнээс нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сэхээтнүүд бүгд хөгжим тоглож чаддаг байжээ. Энэ хандлагыг суулгахын тулд хүсэл сонирхолгүй байхад нь хөгжмийн дугуйланд оруулахаас илүү бүр бага балчир байхаас нь урлагт дуртай болго. Ийм аргууд зөндөө бий. Жишээ нь хүүхдээ тоглож байхад нь санамсаргүй байдлаар сонсгож болно. 

МАНАЙ ХҮҮХЭД ЯМАР Ч ХӨГЖМИЙН АВЪЯАСГҮЙ ГЭДЭГ ҮНЭНДЭЭ

Манай хүүхэд хөгжмийн авъяасгүй, машинаар л тоглох дуртай гэж хэлэх ээж аавууд цөөнгүй. Тэгвэл хөгжмийн сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Яагаад гэвэл бидний эргэн тойрон тэр чигээрээ дуу авиа юм. Зурагт үзэх, гар утас дуугарах  хөгжимгүй зүйл бараг үгүй. 

Харин сахилгагүй хүүхдийг томоотой болгох арга биш юм шүү. Хөгжим тоглож сурах нь тийм ч хялбар биш нэлээдгүй тэсвэр, тэвчээр сахилга бат шаарддаг аж. Хүүхдийг таван наснаас нь эхэлж дуртай хөгжмөөр нь хичээллүүлж болно. 

Эхлээд өөрсдийнх нь сонирхож байгаа тоглоомон даралтат хөгжим, цохиур хөгжим аваад өгчихвөл хүүхэд аяндаа өнгөө олоод эхэлдэг. Үүнээс хөгжимд дуртай эсэх нь анзаарагдана. Хэрэв сонсгол сайтай бол 5-6  насандаа мэргэжлийн багшид хандаж шалгуулахыг Х.Зулцэцэг багш зөвлөж байна.

ХӨГЖИМ ТОГЛОДОГ ХҮҮХЭД СУУЖ СУРДАГ

Нэгэнт хөгжмөөр хичээллэж эхэлсэн бол давтуулахдаа өглөөнөөс орой хүртэл биш өдрийн тогтмол цагуудад, давтамжтай суулгах нь хамгийн үр дүнтэй. Байнга тогтмол цагаар хөгжмөө давтах нь хүүхдийг сууж сургадаг. 

Өдөрт насных нь онцлогоос хамаарч 30 минутаас 1 цаг 30 минут орчим хичээллэхэд хангалттай. Хүүхдээ хэт шахах биш зугаатай зүйл хийж байгаа мэтээр ойлгуул. Магадгүй багшаараа заалгасан зүйлийг нь түүний сурагч болж заалгаж болох юм. Энэ үеэ амжилттай давж чадвал цааш түүнд дуртай зохиолыг нь өгч ажиллахад хүүхэд хөгжимдөө улам дуртай болдог. Түүнд юу нь хэцүү юу нь амархан бас гоё санагдсан тухай ярилцаарай. Мөн та өөрөө хөгжмийн ард сууж тоглодог байвал бүр сайн. Хүүхдүүд эцэг эхийгээ үргэлж дуурайж байдаг.

ХӨГЖИМ АНАГААХ ШИДТЭЙ

АНУ-ийн эрүүл мэндийн сэтгүүлд  “Хөгжмийн урлагаар хүнийг эдгээх нь хамгийн үр дүнтэй” хэмээн дурьджээ. Тайвшруулах хөгжмийг хорт хавдартай өвчтөнд өдөрт 20 минут сонсуулахад дархлаа сайжирч, зүрхний цохилт удааширч хөгжим сонссоноос 1 цагийн дараа тэдний хүчилтөрөгчийн эрэлт илт багассан байна. Мөн Мэрилэндийн их сургуулийн судалгаагаар үр дүнд сайхан дурсамж сэргээх хөгжим сонсоход цусны эргэлтийг 26 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.


ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөгжмийн боловсрол гэдэг бол зүгээр л ая тоглож сурах биш харин тухайн хөгжмийг ойлгосноор төсөөлөн бодох чадвараа хөгжүүлж, мөн өөрөө өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах явдал юм.

Суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бид суралцаж өөрийн төсөөлөх чадвараа хөгжүүлэн өөрөө өөрийгөө олох, би хэн бэ? би хорвоо ертөнцийг яаж мэдэрч байна вэ? гэдгээ илэрхийлэх боломжтой болох юм.

Хөгжмийн зохиолч бүрт өөрийн гэсэн хөгжмөө илэрхийлж байгаа хэллэг гэж бий. Үүнийг хөгжмийн хэллэг гэдэг. Тухайн хөгжмийн зохиолчийн хөгжмүүдийг сонсох тусам түүний хөгжмийн хэллэгийг ойлгох бөгөөд юуг илэрхийлж байгааг нь ч ойлгох боломжтой болдог. Үүний дараагаар өөр нэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг харьцуулж сонсоход хоорондоо ялгаатай байгааг мэдрэх болно. Энэ мэтчилэнгээр хөгжмийг ойлгодог болсноор хөгжмийн боловсрол бий болж байгаа юм.

Сонгодог хөгжмийн түүх бол тэр чигээрээ хүн төрөлхтний оюун ухааны түүх юм.  Эдгээр оюун ухааныг дээд зэргээр нь ашиглаж бий болсон бүтээлүүдээс суралцана гэдэг бол орчин үеийн хүн болж төлөвших, өөрөө өөрийгөө нээж олохын тулд хийх шаардлагатай зүйлийн нэг яах аргагүй мөн юм. 

Эх сурвалж: musicmind.mn