Гэр бүр, хүүхэд залуучуудын хөгжлийн газар унаач хүүхдүүдийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгаалалтай холбоотой хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Юун түрүүнд хүүхдэд зориулсан автомашины хамгаалалтын суудлын аян өрнүүлэхээр болжээ. Учир нь осолд өртсөн хүүхдүүдийнх нь ихэнх  нь ихэнх нь зориулалтын суудалгүй, эцэг эхчүүд нь ч энэ талаар мэдлэг  хомс байдаг нь судалгаагаар илэрчээ. Тиймээс хувийн компаниудтай хамтран хүүхдийн хамгаалалтын суудлыг хямдруулан худалдан авах боломжоор хангахаар болсон байна. 

63 мянган төгрөгөөр хүүхдийн зориулалтын суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажээ.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Энхбаатар улсын баяр наадмын үеэр асуудал дагуулдаг уралдаанч хүүхдүүдэд анхаарал хандуулна гэв. Энэ жилийн Үндэсний их баярын наадмаас эхлэн орон даяар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр уралдаанд оролцсон амжилт болон бэртэл, гэмтэл зэргийг бүртгэж үнэн зөв статистик мэдээ гарах юм. 

Мөн даатгалын компаниудтай гэрээ хийж уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 сая болохоор болжээ. Өмнө нь нөхөн олговрын хэмжээ нь 5 сая байсан нь гэмтэж бэртсэн хүүхдүүдийн эмчилгээнд хүрэлцдэггүй, эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гарч байсан юм.