ОХУ-ын Уралийн их сургуулийн /УИС/ эрдэмтэд "Монгол Базальт" үйлдвэрийн эрдэс хөвөнгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулж, эрдэм шинжилгээ-судалгааны болон туршлага-бүтээцийн ажлыг явуулж байна. Шинэчлэл хийснээр үйлдвэрлэлийн үр ашгийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж тус их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.

"Үүнтэй холбогдох 2 сая рублийн гэрээнд "Монгол Базальт" үйлдвэрийн ерөнхий захирал Л.Ариунболд, УИС-ийн нэгдүгээр проректор Сергей Кортов Улаанбаатар хотод гарын үсэг зурсан” гэж мэдээлэлд дурдсан байна.

Кортовын хэлснээр, гэрээг хэрэгжүүлэх явцад их сургуулийн судалгааг ашигласнаар үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг 50 хувь хүртэл дээшлүүлнэ. "Шинэчлэлийн хувьд эрдэс хөвөн үйлдвэрлэлийн бараг бүх шат дамжлагад хийнэ. Ийм шинэчлэлт хийх нь “Монгол Базальт”-д бүс нутагтаа эрдэс хөвөнгийн хамгийн шилдэг үйлдвэрүүдийн нэг болох боломж олгоно” гэж тэрбээр ярьжээ.

Эрдэс хөвөнг орон сууц барихад шаардагддаг дулаан тусгаарлагч хавтан үйлдвэрлэхэд ашигладаг. “Монголын олон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хэдийнэ хуучирч, шинэчлэх эсвэл бүрмөсөн өөрчлөх шаардлагатай болсон. Тус улс зөвхөн манай улсын мэргэжилтнүүд үүнийг хийж чадна гэдгийг ойлгож эхэлж байна. Монголын үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчнийг Орост бэлтгэх зэрэг хоёр орны хамтын ажиллагаа сэргэж байна” гэж УИС-ийн шинэ материал, технологийн дээд сургуулийн захирал Олег Шешуков ярилаа.

УИС нь боловсрол, шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх Монголын Засгийн газрын түнш юм. “Бидний гол зорилго бол Монголын үйлдвэрүүдэд зориулж, инженерийн шилдэг  ажилтнуудыг бэлтгэх бөгөөд бид мөн орос хэл, орос соёлыг тус улсад сурталчлах арга хэмжээг явуулж байгаагаас гадна тэнд ажиллаж амьдарч буй төгсөгчидтэйгээ байнгын холбоотой ажиллах нөхцөлийг  бүрдүүлж байна” гэж Олег Шешуков хэлсэн байна.

УИС нь Уралын Холбооны тойргийн томоохон их сургууль юм. Тус их сургуульд 35 мянга орчим оюутан суралцдаг бөгөөд гадаадын тэргүүлэх эрдэмтдийн удирдлага дор судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний 13 лабораторитой байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS