Коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдрийн байдлаар БНХАУ-д коронавирусын 844 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Тус вирусын халдварлалт, нас баралт өдрөөр нэмэгдэж байна. Дээр нь томуу, томуу төст өвчний тархалт өндөр буюу амбуляторын үзлэгийн 5 хувийг эзэлж байна. Энэ үед коронавирусын эрсдэл орж ирвэл зөвхөн хүүхэд гэхгүй нийт хүн амын амь нас, эрүүл мэндэд ноцтой байдал үүснэ гэсэн тооцоо гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам Улсын онцгой комиссын хуралдаанд дараах саналуудыг оруулсан.

  1. ЕБС, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах 
  2. Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх санхүүжилтыг шийдвэрлэх
  3. Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг оруулж, хэлэлцлээ. Эхний хоёр асуудлыг баталсан.

Харин хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамаар тухайн орондоо түрүүлж мэдэгдэж, эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Улмаар урд хөршийн хилийн боомтоор явган иргэд болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр боллоо" хэмээв. 

Хилийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах санал гаргасан гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн юм.