Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллах юм.

Ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа амжилттай хураан авахын тулд ургац хураалтын үед болон хураалтын дараах үтрэмийн ажилд цаг агаарын болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, туршлагатай тариаланчидтай хамтран ургац хураалтын технологийн зөвлөмж боловсруулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.

Мөн ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг анхаарууллаа. 

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ. Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ.