Мял Богдын гэгээрсэн түүх...

Түвдийн цаст өндөр уулнуудад олон сар жилээр даяанчлан сууж, халгай буцалгаж идсээр байгаад арьс нь ногоон өнгөтэй болсон тухай уншаад дотроо их л өрөвдөж билээ. Баян айлын удам залгах ганц хүү хар багаасаа хоргой  торго өмсөж, шүр сувдаар тоглож, бал бурам идэж өссөн ч тэр нь түрхэн зуурын жаргал байж. Хуран үүдсэн бүхэн мөнх бусын жамаар хайрт эцгээсээ хагацаж, хомхой шунаг, харгис хэрцгий авга нарынхаа дарамтан дор зовлон зүдгүүр туулсан амьдрал нь элэг эмтрэм. 

Эцгээс үлдсэн эд хөрөнгөнд нь эзэн суух гэсэн авга нар нь тэсч тэвчихийн аргагүй дарлал доромжлол дор тэвчээрийн хязгаарт тулж, гомдол цөхрөл нь үзэн ядалт  болон хувирсан Мял хүү хар шидийн хараал сурч өшөө хорслоо аван ээжийнхээ сэтгэлийг амраах гэж орон гэрээ орхин явахдаа гэм нүглийн хар ангалд унах юм гэж яахин санах билээ. Хар шидийн хүчээр өш хонзонгоо авч чадсан ч сэтгэл нь амрах биш,  харанхуй нүхэнд унасан мэт " Шөнө нойр хүрэхгүй, өдөр хоол орохгүй" шаналал зовлонд автжээ. 

Хийсэн гэм нүглээ цайруулах гэж үнэний эрэлд хатсан Мялын туулсан зам, зовлон зүдгүүр нь "Дэлхийг мөлхөж тойрохоос ч " хүнд хүчир байсан ч өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат нь  дэлхийг өргөсөн ч даахаар тийм хүчтэй байсан тул нэгэн насандаа гэгээрлийн оргилд хүрч бурханы хутгийг олсон гайхамшигт хувь заяатан билээ. 

"Мял Богдын намтрыг уншвал нэгэн насны нүгэл ариусна" гэж эртнээс хэлэлцсээр ирсэн нь энэ гэгээн хүний зовлон бэрхшээлийг ялан дийлсэн аугаа их сэтгэлийн хүч, даяан бясалгалын хосгүй эрдэм ухааныг бахдан биширсэн хэрэг. Буддын Их хөлгөн дотроос нийтийн бус нууц тарнийн ёсны Очирт хөлгөний дээд мэдлэгийг йог бясалгалтай хослуулан тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг давж чадсанаар гэгээрэлд хүрэх гэж олон үеийн төрөл дамжин явалгүй нэг нас, нэг биеэр бурханы хутаг олж болохыг нотлон харуулсан домогт гэгээнтэн юм. Барууныхан йогч , шид үзүүлэгч Мял гэдгээр нь андахгүй ба түүний амин галын (зандлын) йогийн гайхамшиг нь ямар ч хүйтэнд биеийн дулаанаа хадгалах чадвар юм. Гималайн тэсгим хүйтэн цаст уулст бие хаах төдий давуу ороон  нүцгэн шахам, халгайгаар хоол хийж олон сар жил даяанчлан суусны нууцыг одоо ч  тайлах аргагүй. Энэ бол физик биетээс давсан чанар, хүний хүчин чадлаас хэтэрсэн хэрэг болохоор  шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй ёстой л жинхэнэ ид шид юм даа. Мял богд рид хувилгаан үзүүлэх шидээн чанарыг нэвт эзэмшсэн боловч  илбийн хуурмаг хорвоог таниулах төдий үзэгдэл гэж боддог учраас ид шид гэж огтхон ч боддоггүй байж. Гурван хэмжээст ертөнцөөс давж гарсан хүнд үзэгдэл бүхэн хоосон хуурмаг санагдах нь аргагүй биз.

Өнгө мөнгө хөөсөөр бол 

Өр зүрхээ өнгийх завгүй 

Өрөөлийг гоочилж явсаар бол 

Өөрийгөө таних чөлөө үгүй... 

Мянган жилийн өмнө Мял Богдын дуулж байсан гүр дууллууд өнөөдөр ч утгаа алдаагүй үнэ цэнтэй хэвээр байна. Хүмүүний сэтгэлийн зовлон арилаагүй цагт сургаал номлол нь хүчирхэг хэвээр байх хувь  ерөөлтэй юмаа. Гэгээрэлд зөвхөн "тусгай" төрөлтөн л хүрнэ гэсэн тэр цаг үеийн шашны явцуу үзэлд цохилт өгч, "Жинхэнэ багштайгаа учирч, дандрын ёсны дөт замаар дээд үнэнийг бясалгаж чадвал хүний насанд амжиж гэгээрэх нь эргэлзээгүй үнэн...Миний хүрсэн өндөрлөгт та нар ч бас хүрч чадна" гэж гэгээрлийн зам мөрд олон шавь нараа хөтөлсөн байдаг.

Мял Богдын гэгээрэлд хүрэх арга зам нь шашны ягшмал номлолоос ангид, чөлөөт амьдрал дунд ч сэтгэлийн хүлээсийг тайлж, юмс үзэгдэл бүхнийг бурханлиг оршихуйд хувиргах нууц увидас юм.

Гүн далай умбах орон чинь

Гүехэн тогтоолыг бүү ойшоо 

Үлэмжийн чанар төрөлх гэр чинь 

Өнгийн хорвоог бүү тоо...

Түвдийн аугаа йогч Мял богдын гүр дуунуудыг Монголын улааны шашны хувилгаан ноён хутагт Равжаа залгамжлан "Үлэмжийн чанар" тэргүүт олон шүлэг дуугаа зохиосон бизээ. Амьдралын сөрөг тохиол бүхнийг эерэгээр хүлээн авах сэтгэлийн тэнхээг эндээс олж авна. Амьдралын санамсаргүй мэт учрал бүхэн зайлшгүйн үр хөврөлийг агуулж байдгийг олж мэднэ. Үхэх үнэн хорвоод үйлийн үр зайлшгүй гэдгийг ухаарч сэхээлэг амьдрахад урам нэмэх юм. "Ханцуй шүргэх төдийд урд насны учир шалтгаан буй" гэж Мүракамагийн зохиолын баатар хэлдэг нь тохиолдол бол зүй тогтлын илрэл гэсэн санаа.

Хувилгаан чанарыг эзэмшсэн Мял богдын амьдралаар Холливуд кино хийсэн гэж дуулсан. Мял богдын намтар хийгээд гүр дуунуудыг манайд олон орчуулагч эх хэлнээ буулгасан байдгийн дотор "Агнистын гэгээ" цувралыг яруу тунгалаг хөрвүүлэн уншигч олонд хүргэж байгаа П.Бадралын "Мял богдын гэгээрсэн түүх" ном онцгой сайхан байлаа. Өөрөө шашны эрдэм номыг судалсан хувраг хүн болохоор мэдлэг, ур чадвар, найруулах авьяас билигээ хослуулан сэтгэл хөдөлгөм мэдрэмжтэй орчуулсныг таашаан уншсан минь хувь тохиол юм даа.