Хүн бүр өдөрт 2 литр ус уух хэрэгтэй, өглөө бүр ус уух нь зөв гэх зэрэг олон зөвлөгөөг сонсож байсан уу. Тэгвэл өдөрт их ус уух нь чухал биш, харин хэзээ, яаж уух нь чухал гэнэ. Ус уух зөв хэвшлийн талаар Анагаах ухааны магистр, Уламжлалт анагаах ухааны их эмч, Б.Энхцэцэгээс тодрууллаа. 


Хүн бүр өдөрт хоёр литр ус уух ёстой гэдэг худал 


Хүн өдөрт дунджаар 3-4 литр шингэнийг шээс, өтгөн, хөлс, шүлс зэрэг хэлбэрээр гадагшлуулдаг гэнэ. Ийн ялгаруулсан шингэнээ өдөр тутамдаа зайлшгүй нөхөх хэрэгтэй. Үгүй бол шингэний алдагдалд орно. Гэхдээ 3 литр шингэн гадагшлуулсан гээд ийм хэмжээний ус уух ёстой гэсэн үг биш ажээ. Учир нь хүний бие зөвхөн уснаас биш бусад хоол хүнснээс шингэнээ нөхөх боломжтой. 

Түүнчлэн хүн бүрийн гадагшлуулах шингэний хэмжээ харилцан адилгүй. Үүнийгээ дагаад уувал зохистой шингэний хэмжээ ч өөр. Тухайлбал мэргэжлийн онцлогоос хамаарч болно. Багш нар гэхэд өдөртөө ихэвчлэн ярьдаг учраас шингэнээ их алддаг, харин байнгын сууж, бичиг цаасны ажилтай хүмүүс тийм ч их шингэн алддаггүй гэнэ. Иймд хүн бүр өдөрт 2 литр ус уух ёстой гэдэг зөвлөгөө буруу юм. 


Өглөө хүйтэн ус ууж нойроо сэргээх нь  буруу



Зарим хүн орой унтахдаа аяганд ус хийгээд өглөө уух нь бий. Гэвч уламжлалт анагаах ухаанд хоносон усыг хортой зүйрлэдэг гэнэ. Хоносон,  хүйтэн ус нь гэдсэн дэх ферментийг хөлдөөж, хоол хүнсийг зөв шингэхэд саад болдог ажээ. Үүнээс гадна, хүйтэн ус нь цусны судсыг нарийсгаж бидний бие махбод шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чадахгүйд хүргэнэ гэсэн үг. 

Харин өглөөдөө ус буцалгаж, бүлээнээр нэг аягыг уух хэрэгтэй.  Бүлээн ус амны хөндийд ялгарсан ашигтай бактеруудыг биед шингээж, гэдэсний бохирдлыг гадагшлуулж, хуримтлагдсан хорт бодисоос ангижруулах үйлчилгээтэй гэнэ. Иймд өглөө бүр бүлээн ус уух дадлыг  хүн бүр насан туршдаа зайлшгүй хэрэгжүүлэх  дадал юм.


Усыг хоолноос тусад нь уугаарай 


Ходоодны хүчил ихтэй хүмүүс идсэн хоолоо хурдан шингээдэгээс ойр ойрхон өлсөх мэдрэмж төрдөг аж. Ийм  хүмүүс хоолноос 40 минутын өмнө эсвэл идсэнээс нэг цагийн дараа ус уувал ходоодны хүчлэгийн хэмжээг тэнцвэржүүлдэг гэнэ. Хэрвээ ойр ойрхон өлсөөд их идэх гээд байвал шууд хоол хүнс бус эхлээд бүлээн ус юм уу цай уувал тохиромжтой.

Мөн бөөрөнд хэт ачаалал өгөхгүйн тулд бага багаар балгаж уувал зохилтой. Хэрэв та нэг дор аяга ус уудаг бол энэ нь бүрэн шингэж амжилгүй биеэс гадагшлах болно.  Бага хэмжээгээр балгаж, шимж уувал ус цусыг цэвэршүүлж, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах юм.