Даваа гарагт Керчийн хоолойн ойролцоо Хар тэнгист Танзанийн далбаатай хоёр усан онгоцонд гал түймэр гарсны улмаас наад зах нь 11 хүн амиа алдсан тухай ОХУ-ын Тэнгис, усан замын тээврийн асуудал эрхэлсэн холбооны агентлагийн төлөөлөгч мэдээлэв.

Оросын аврах албаны ажилтнууд усан онгоцны тавцангаас үсэрсэн далайчдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд 14 хүнийг аварсан байна.

“Хоёр усан онгоцны нэг нь байгалийн хий тээвэрлэгч байсан бөгөөд түлш шилжүүлэх үед гал түймэр дэгдсэн” гэж Тэнгис, усан замын тээврийн асуудал эрхэлсэн холбооны агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч Алексей Кравченко мэдээлжээ.

ОХУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, усан онгоцнуудын тавцан дээр Турк болон Энэтхэгийн 31 иргэн байсан ажээ. “Усан онгоцны хоёр ахмадын хэнээс нь ч дохио ирээгүй” гэж “AFP” агентлаг холбогдох албаны төлөөлөгчдийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.

Дээрх усан онгоцнууд нь “Venice” болон “Maestro” нэртэй байсан бөгөөд эдгээрийн аль алийг Сири рүү шатахуун нийлүүлсэн хэрэгт холбогдуулан АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад оруулж магадгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC