Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

       2018 оны 07 дугаар сарын 06-ны 20 цагаас 07 дугаар сарын 07-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө   10-15 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд    6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, Өдөртөө Дундговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.