Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Сүүлийн үед санаатайгаар олон нийтэд худал мэдээлэл түгээх үйл явдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц дээр явж буй Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал байна. Энэ нь цахимд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв. 

2021 оны 02 дугаар сарын 10-нд Үндсэн хуулийн гишүүн Д.Солонгоос Ерөнхийлөгчийн Тамгын газарт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдлын дагуу Ерөнхийлөгчийг өөрийн байр сууриа 02 дугаар сарын 24-ний дотор тодруулах шаардлагатай гэсэн албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийн хүрээнд Ерөнхийлөгч 02 дугаар сарын 24-нд Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж байр сууриал илэрхийлсэн. Энэ бол ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа биш. 

Гэтэл энэ үйл явдлыг санаатайгаар мушгин гуйвуулах, зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт, шахалт үзүүлэх гэх мэт үйл явцууд сүүлийн үед их гарч байна. Энэ бол байж боломгүй үйл явдал. Монголд улстөржих маш олон сэдэв байгаа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар аливаа асуудалд илүү бодитой байдлаар хандаж, улс төрийн үйл ажиллагаанууд хийхгүй байгаа. 

Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу явагдана. Хэн нэгнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь Үндсэн хуулиар хязгаарлагдсан зүйл биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад аливаа хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, мушгин гуйвуулах, улстөржүүлэх үйл явдлууд сүүлийн үед зохион байгуулалттайгаар тасралтгүй үргэлжилж байна. Иймд иргэдийг мэдээлэлдаа боловсруулалт хийж хүлээн авахыг хүсье" гэв.

Мөн тэрээр "Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, гишүүдийн олонхын саналаар тодорхой шийдвэр гарсан байна. Гэтэл үүнийг нь худал мэдээ болгон түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх, бусдыг дарамт шахалтад оруулах ажил явагдаж байна. 

Тухайлбал, өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Цэцийн 2 гишүүний алийг нь түрүүлж чөлөөлөх хуулийн заалт байдаггүй ч Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх ажлыг яаравчлан явуулж байна" хэмээлээ.