Амжилтын ард байдаг алдаа оноогоо ний нуугүй ярьдаг "Fuckup nights” өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн зочин нь барилгын салбарт өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бизнесмэн хатагтай юм. Бизнесээ эхлүүлэхийн тулд эхлээд эрсдлээ тооцох учиртайг өөрийн туршлага, бүтэлгүйтлээрээ баталсан түүнийг Б.Ариунсанаа гэдэг. “Гүнгэрваа” ХХК-ийн захирал тэрбээр гэр бүлээрээ барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг болохоор мөн л энэ салбарт хүч үзэхээр шийдсэн гэдэг. 

Түүний адал явдал анх аавынх нь найз санаа өгснөөр эхэлжээ. Тухайн үед аавынх нь найз шинэ төрлийн арматур хийх санал тавьж, хэрвээ хийчихвэл өөрийн барилгадаа худалдан авна гэжээ. Тавьсан санал боломжийн хийх бүтээгдэхүүн нь ч жирийн арматураас хамаагүй хямд хэрнээ урт настай учраас ажилдаа ханцуй шамлан орсон байна. 

Ажил санасанаар бүтсэн ч төрийн байгууллагын стандарт гэдэг “хана”-ыг мөргөж мэргэжлийн байгууллагаас зах зээлд  гаргахыг хориглосон байна. Бүх ажил төлөвлөгөөтэй урагшилсан ч хамгийн гол алдаа нь нэрэнд байсныг тэр сүүлд мэджээ. Монголд байхгүй шинэлэгч, чанартай бүтээгдэхүүнээ “Шилэн хуванцар арматур” гэж нэрлэсэн ийнхүү ажил нь зогсоход хүргэсэн хэрэг. Барилгын салбарт шилэн гэдэг үг хямдхан, муу гэж ойлголт төрүүлнэ гэдгийг тооцоолоогүй учраас тэр шүү дээ. Ингээд тэд шинэ “мэндэлсэн” шилэн арматураа зах зээлд гаргаж чадалгүй гурван жил гацаасан байна.

Энэ эрсдлийнхээ  тухай Б.Ариунсанаа “Ажлаа шууд сэтгэл хөөрлөөр хийж эхэлсэн нь хамгийн том алдаа мартагдахааргүй сургамж болж үлдсэн” гэсэн юм. Хүний сэтгэл зүйд нэр гэдэг ямар чухал байдгийг ой тойндоо шингэтлээ ухаарсан тэрээр шилэн арматураа “Хүнд даацийн хөнгөн арматур” гэж нэрлэсэн байна. Төрийн байгууллагын хүнд суртал, хувийн бизнес хийхийн зовлон жаргалыг ханатлаа амссан тэрбээр шинээр бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс “Аливаа ажлыг хийхдээ заавал эрсдлээ тооцож үзэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөө үүнийг мэдэрсэн учраас “Усны гүнийг шалгахын тулд хоёр хөлөөрөө гол руу орж болохгүй” гэдгийг захьлаа. Арматурын хувьд тун удахгүй зах зээлд гаргахаар ханцуй шамлан ажиллаж байгаа гэсэн шүү.