Дэлхийн улс улс орнуудад “Өсвөрийн парламент”-аар дамжуулан шинэ үеийнхний дуу хоолойг сонсдог жишиг бий. Тэд өөрсдөдөө болон дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлыг олж харан, гарц шийдлийг эрэлхийлж, дэлхийг өөрчлөх олон хөдөлгөөнийг өрнүүлж байна.

1987 оноос хойш Европын өсвөрийн парламент дэлхийн 40 гаруй орны залуусыг хамран жил бүр амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй.

Өөрийн санаачлага, дуу хоолойгоороо танигдсан өсвөрийн манлайлагчдын танилцуулъя.


ГАЛТ ЗЭВСГИЙг бойкотлосон хөдөлгөөн

2018 оны 2 дугаар сарын 14-нд Флорида мужийн Маржори Стоунман Дуглас ахлах сургуульд зэвсэгт этгээдүүд халдсан аймшигт үйл явдал болсон юм. Алан хядагчид гэм зэмгүй 17 сурагч, ажилтны амийг хөнөөсөн юм.

Энэ халдлагаас амьд гарсан сурагчийн нэг бол Эмма Гонсалес. Тэрбээр Америкийн түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлсэн билээ.

Тэрбээр жагсаалын үеэр амиа алдсан үеийн найз нарынхаа талаар сэтгэл хөдөлгөсөн илтгэл тавьжээ. Зургаан минут 20 секундын турш амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж, олон зуун хүүхдүүд толгой гудайн гашуудсан юм. Энэ нь зэвсэгт бүлэглэл сурагч, ажилчдын аминд хүрэхэд зарцуулсан хугацаа байсан гэдэг.

Уг жагсаалыг дэмжин, оролцохоор сая гаруй сурагчид хичээлээ орхин ирсэн байна.

Жагсаалын үр дүнд Politico/Morning нийгэмлэгийн хийсэн судалгаагаар Үндэсний галт зэвсгийн холбооны үнэлэмж 37 хувиар буурч, галт зэвсгийн хатуу зохицуулалтыг дэмжигчид 68 хувиар өссөн байна. Томоохон байгууллагууд Үндэсний галт зэвсгийн холбоог бойкотлож, гэрээгээ цуцалсан юм. 

Галт зэвсэг өмчлөх зөөлөн бодлого баримталдаг Флорида муж шүршдэг буу тээвэрлэхийг хориглож, зэвсэг худалдан авах насны доод хязгаарыг нэмэгдүүлэх, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн агуулж буй галт зэвсгийг хурааж авахыг зөвшөөрөх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. 

Залуусын дуу хоолой ямар хүчтэйг харуулж, энгийн иргэд галт зэвсэг биедээ авч явах тухай хууль, журмыг чангатгахыг шаардсан томоохон хэмжээний жагсаал болсон юм.

 


ОХИДЫН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ УЛСААС олгох шийдвэр гаргуулжээ 


Ариун цэврийн хэрэглэл авах мөнгөгүйн улмаас хичээлдээ явж чадахгүй охидын байгаа тухай нийтлэлийг уншсан 17-хон настай охин бусдын төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой гэж боджээ.

Энэхүү эмзэглэл нь Их Британыг ядуурлаас аврах компанит ажил буюу #FreePeriods уриатай онлайн хөдөлгөөнийг өрнүүлэгч Амика Жоржийг төрүүлсэн юм.

Богино хугацаанд асар хурдацтай олон нийтэд тархсан энэхүү хөдөлгөөний ачаар эмэгтэй сурагчдад  ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах шийдвэрийг гаргасан билээ.

Амика Жорж охин уг хөдөлгөөнөөрөө дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. “TIME” сэтгүүл түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхний жагсаалтад оруулж,”The Big Issue” түүнийг шилдэг өөрчлөлт авчрагч 100 хүн жагсаалтад оруулжээ. Мөн хөдөлгөөн өрнүүлэх хүсэлтэй залууст зориулан “Make it Happen” нэртэй гарын авлага гаргажээ.


 АМЬТНЫ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ХАМГИЙН ЗАЛУУ ТЭМЦЭГЧ

Женесис Батлер арван настайдаа мах, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх хор уршгийн талаар TEDx-ийн индэр дээр илтгэл тавьсан юм.

Цагаан хоолыг сонгож буй хүмүүст урам зориг өгөхийн тулд PETA (Америкийн амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг) түүнийг оны шилдэг залуу амьтны төлөө тэмцэгчээр нэрлэжээ. Женесис Батлер амьтдын эрхийг хамгаалах “Genesis for Animals” нэртэй сан байгуулж, түүний идэвх санаачлагаар “Hero Project” хэмээх бүрэн хэмжээний кино хүртэл хийсэн юм.

Энэхүү киноны дүрүүд нь дэлхий дээр эерэг өөрчлөлт авч ирэхийн тулд зориг зүрх гарган, нэгэн зорилго дор нэгдэн нийлж, бэрхшээлийг даван гарч буй залуусын тухай өгүүлдэг. 


ХӨГЖМӨӨР ДАМЖУУЛАН БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХЫГ УРИАЛАГЧ 

Колорадо мужийн уугуул иргэншилтэй Сюхтезкатл Роске-Мартинес дөнгөж зургаан настайдаа эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай илтгэл тавьж байжээ. 

Хөгжмөөр дамжуулан байгаль дэлхийд учраад буй асуудлуудыг хөндөж, эх дэлхийгээ хайрлах уриалгыг сонсогчдодоо хүргэдэг гэдгээрээ танигдсан.

Өдгөө 19 настай Сюхтезкатл Роске-Мартинес “The Earth Guardian” хэмээх байгаль орчны өсвөрийн клубын захирлаар ажилладаг. Клубээ төлөөлж НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Бага хуралд зочноор уригдаж уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавьж байжээ. Мөн TEDx-т гурван ч удаа илтгэл тавьсан юм.

Тэрээр 2015 онд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгсөн дуулианы эздийн нэг. Чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь “амьд явах, эрх чөлөөгөө эдлэх, эд хөрөнгө эзэмших” эрхийг нь боогдуулж байна гэж мэдэгджээ.



ХУВАНЦАР ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХААР ТЭМЦЭЖ БУЙ ЭГЧ ДҮҮС

Ноттингемийн 16, 14 настай эгч дүүс Балид болсон "Bye Bye Plastic Bags" залуучуудын хөдөлгөөнөөс санаа авч "Хүүхдийн эсрэг хуванцар" төслөө хэрэгжүүлж эхэлсэн. 100 мянган ширхэг нэг удаагийн хуванцар хаягдлыг цуглуулж нэг ч гэсэн хөхтөн амьтны амийг аврах нь эгч дүүсийн анхны зорилго байв. 

Харин одоо тэд шагнал хүртсэн хандивын байгууллага болж хүрээгээ тэлж, улам өргөжсөөр байна. 

190 гаруй сургууль, 50 аж ахуйн нэгж, зөвлөл, кафе, тэр ч болоогүй Парламентын ордон “Ухаалаг хуванцар” системийг нэвтрүүлэхэд гар бие оролцжээ. Эгч дүүс одоогийн байдлаар улсынхаа супермаркет бүрт нэг удаагийн хуванцар бараа зарахыг хориглох кампанит ажил өрнүүлж байна.

Тэд TEDx-т уригдаж хуванцар хог хаягдлын хор уршгийн талаар илтгэл тавьж байсан бөгөөд энэ ондоо багтан номоо гаргахаар зэхэж байна.