2012 оны 4 дүгээр сард би  метроны бариулаас барин зогсч байв. Гэтэл өөдөөс харан сууж байсан эмээ босон “Бүсгүй, та суу. Та суусан нь дээр. Та чинь хүүхэд тээж яваа шүү дээ” гэж надад хэлэв. 

Таныг метронд харсан өндөр настан суудал тавьж өгч байсан уу?

Би маш их ичсэн. Үнэндээ би түүнд юу гэж хэлэх байсан гэж? “Уучлаарай эмээ, энэ бол хүүхэд биш харин сүүлийн хэдэн жил идсэн 133 ширхэг пицца, 196 ширхэг бургер, 838 ширхэг хачиртай талх” гэж хэлэх байсан гэж үү. Би тэр эмээг сэтгэлээр унагахыг хүсээгүй юм. Тиймээс, төсөөллийн хүүхдээ тэврээд зөөлөн инээмсэглэсээр түүний суудал дээр суув. Би болон миний “өөхөн” хүүхэд бид хоёр сүүлийн буудал хүртэл явсан.

Энэхүү түүх миний амьдралыг өөрчилсөн билээ. Би бүх зүйлийг хаян өөрийн төрөлх хот болох Уфа руугаа явах шийдвэр гаргасан юм. Жинхэнэ дуртай зүйлээ би энд олсон, илүүдэл жингээ хаяж, хорт зуршлаасаа салж, эргэнд тойронд хандах хандлагаа өөрчилж чадсан. Харин одоо би бусад хүмүүст тусалж байна.

Эхний алхмаа хэрхэн хийх вэ?

Ихэнх хүмүүс дараах асуултаар өөрчлөлтийг эхэлдэг. “Хэр удаан үүнийг тэвчих юм вэ?” Гэхдээ зөв асуулт бол “Амьдралаа өөрчлөхийн тулд өнөөдрөөс эхлэн юуг өөрчилж болох вэ” юм.

Сэтгэл зүйчид нэг гайхалтай онол гаргасан байдаг. Энэ нь “өдөрт ердөө нэг цаг”. Хэрэв хүн өдөр бүр ямар нэгэн зүйлд нэг цагийг л үр бүтээлтэй зарцуулж чадвал хэзээ нэгэн цагт тухайн ажлынхаа үр шимийг гайхалтай биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хүртэх болно. Ямар ч авьяас, боломжоос үл хамааран шүү дээ.

Жишээ нь Маргарет Митчелл ”Салхинд туугдагсад” хэмээх сонгодог бүтээлээ 10 жилийн турш бичсэн байдаг. Тэрбээр өдөрт 20-30 минутыг зарцуулж зохиолын үгийг жижиг цаас, амны алчуур дээр хүртэл бичиж тэмдэглэжээ. Ингэж энэхүү гайхалтай бүтээл төрсөн түүхтэй. Харин Аврахам Линкольн шөнийн ээлжийн манаач хийдэг байхдаа хуулийг судалдаг байжээ.

Би ч гэсэн өөрийгөө олохын тулд өдөр бүр дуртай зүйлдээ нэг цагийг зарцуулж байхаар шийдсэн юм. Ном унших, хүмүүстэй харьцах, зугаалах, бодох гэх мэтээр. Хагас жилийн дараа надад яг юу таалагддаг болохыг би ойлгосон. Энэ бол хүмүүст урам зориг өгөх, ном унших байлаа. Тиймээс би өөрийн хуудсыг “Вконтакте”-д нээж өөрийн бодлоо бусадтай хуваалцаж эхэлсэн юм. Энэ ажлыг эхлүүлэхдээ би мөнгө олох эсэх талаар огтхон ч бодоогүй. Зүгээр л сэтгэлд байсан дуртай зүйлээ хийсэн.

Үүнээс би үнэн сэтгэлээсээ дуртай ажлаа хийснээр сэтгэл ханамж, амжилт ирдэг гэдгийг баттай мэдэж авсан. Магадгүй та ч гэсэн төрөлхийн алиа хошин авьяастай хэрнээ оффист хөрөнгө оруулалтын тайлан хийгээд сууж мэдэх юм. Хийх ёстой зүйлээ хийж эхлэсэн цагт л амьдрал биднийг дэмжиж эхэлдэг.


Эх сурвалж: Амьдралаа өөрчлөх 100 арга номоос...