Уул уурхай болон үйлдвэрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндийн зөвлөмжүүдийг дагавал гүн ядаргаанд орох, сульдах нь бага байдаг. Стресс, депресст орсон хүн хүнд даацын машин жолоодох, том тоног төхөөрөмжтэй ажиллахыг хориглох тохиолдол бий. Тиймээс л уурхай, үйлдвэрийн ажилчдад зориулсан сэтгэл зүйч байдаг аж. Тэд хэрэв ар гэр, ажил дээр нь асуудал үүссэн бол ажлаа эхлэхээсээ өмнө сэтгэл зүйчид хандан, тайвшрах хэрэгтэй. Эс бөгөөс анхаарал сарниж осол гарах эрсдэл дагуулдаг. Энэ мэтчилэн уурхай, үйлдвэрийн ажилчдад дагаж мөрдөх горимоос гадна энгийн хэрнээ мартаж болохгүй зүйл олон бий. 

Тухайлбал, халуун орчинд ажилладаг бол ус ууж заншаарай. Ингэснээр хэт халуунаас үүдэлтэй хямрал, зүрх зогсох, ухаан алдах, сульдах зэрэг олон үр дагавраас хамгаалах боломжтой юм. Халуунаас үүдэж бие хямрасан эсэхийг мэддэг байх нь зүйтэй. Ийм үед ус ууж, агааржуулалт сайтай хэсэгт түр амрах, чийгтэй орчинд байгаа бол хуурай газар очих зэрэг арга хэмжээ аваарай.

Уул уурхай, үйлдвэрийн ажилчид биед шингэсэн хорыг гадагшлуулахын тулд сүү, тараг ууж байвал зохилтой. Мөн халуун усанд хэвтэх, хөлөө рашаанд дэвтээж амраах, шөнийн цагаар сайтар унтаж амрах, зурагт, гар утас удаан харахгүй тархиа амрааж байх нь тустай аж. 

Таны шээс хурц шар өнгөтэй, их хэмжээтэй байгаа бол даруйхан ус уух хэрэгтэй. Дундаж шар өнгөтөй бол бага зэрэг шингэн алдсан гэсэн үг бөгөөд мөн л ус уух шаардлагатай. Цайвар өнгийн шээс шингэн алдаагүйг илтгэх ч ус уусаар л байх хэрэгтэй юм. 

Долоо хоногт нэг ба түүнээс цөөн удаа дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэй хүн өдөрт 2000 ккал, эрэгтэй хүн 2500 ккал авах нь зохистой байдаг. Харин уурхай болон хүнд үйлдвэрт ажилладаг бол эмэгтэй хүн 3400 ккал, эрэгтэй 4000 ккал авах шаардлагатай.