Хэдхэн хоногийн өмнө Канадын томоохон крипто арилжааны зах болох QuadrianCX-ийн гүйцэтгэх захирал Гералд Коттен өөд болсон нь крипто ертөнцөд шуугиан тариад байна.

Тэрээр өөрийн бүх эд хөрөнгө, эрх мэдлээ эхнэр Робертсондоо гэрээслэсэн байсан бөгөөд үүнд нь хэд хэдэн газарт үл хөдлөх хөрөнгө, машин, онгоц багтсан аж. Гэвч тухайн захын халаасанд хандах эрхтэй цорын ганц хүн нь талийгаач байсан бөгөөд нийтдээ 100 мянган хэрэглэгчийн 190 сая ам.доллартай тэнцэх крипто болон фиат валютууд дотор нь түгжигдсэн байна.

Түүнийг луйвар хийхийн тулд хуурамчаар үхсэн дүр эсгэсэн гэх цуурхал гараад амжсан ч түүний үхлийг нотлох баримтыг Засгийн газраас нь батласан аж.

Уг цочирдом үйл явдал крипто ертөнцөд томоохон сануулга өгсөн нь мэдээж. Жишээ нь крипто валютыг аль ч банк, Засгийн газар эзэмшдэггүй, зөвхөн эзэмшиг ч нь л цорын ганц захиран зарцуулах эрхтэй байдаг нь давуу тал хэмээн яригддаг ч эзэмшигч нь өөд болох, эсвэл өөр ямар нэг байдлаар халаасны нууц түлхүүр гээгдсэнээр доторх валют нь үүрд түгжигдэх сул талтай. Тиймээс их хэмжээний крипто валют эзэмшигчид хөрөнгөө гэрээслэх ямар нэг арга бодохгүй бол энэ мэтчилэн санхүү эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх зүйлс гарсаар байх нь ойлгомжтой.

Уг асуудлыг шийдэх нь крипто ертөнцийнхний сорилт болоод байгаа ч төвлөрсөн болоод төвлөрсөн бус төрөл бүрийн аргаар үүнийг шийдэх технологи, үйлчилгээнүүд танилцуулагдсаар буй. Хэрвээ та их хэмжээний крипто валюттай бол энэ талаар бодож үзэхэд илүүдэхгүй биз ээ.



Эх сурвалж: Blockchain Mongolia