Өнөөдөр "Дэлхийн яруу найргийн өдөр" тохиож байна. 

Энэ өдөрт зориулж Яруу найрагч Р.Чойномын "Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам" шүлгийг зориулж байна. 

"Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам" 

Аварга их орчлонгийн өмнө
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх чөлөө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!

Үнэн гэгчийг гар дээр тавиач
Үзээд буцааж өгье л …

Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла.!
Хэт эрт үхсэн найзынхаа
Хэвлэгдээгүй шүлэг дээр дусаая Завхай хүүхэн та
Зарим илүү шөнөөсөө надад хайрла.!
Өр төлөөсгүй цэнгэлээр нэг цэнгээд
Өглөө нь эргэж харалгүй явж нэг үзье

Хүн уншихгүй ном хэвлүүлж суудаг
Хүндэт зохиолч та төлөвлөгөөнөөсөө хайрла !
Буруу ч байсан амьдралын хэлтэрхий
Бусдад хэрэг болох ганц шүлэг хэвлүүлье

Өнгөтэй сайхан хүнээс
Өгөөч гэж гуйх хэрэгтэй юмгүй.
Харин хүн аймаар, хүн та муухай төрсөндөө
Харамсахгүй явдаг гуниггүй зангаасаа
Хайрла.!

Баян бөгөөд тэнэг хүнээс
Бас би юугаа гуйх вэ.
Үгээгүй ядуу хүний өмнө харин малгайгаа тосъё
- Үг хайрла !

Нийгэм минь та
Нинжин сэтгэл хайрла !

Хүчирхэг мандсан хорьдугаар зуун та
Хүн чанар хайрла !.

Өнөө үе архины хаанчлалаа
Өөрийг минь өгөөч !