Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2-р байр, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа гэсэн үг. Үүнээс пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс томуу, томуу төст өвчин болон уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эхчүүд зайлшгүй мэдэж байх нь чухал юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.