Увс аймагт ээлж дараалан мөнгөн ус алдагдсан хэрэг гарлаа. Эхнийх нь өнгөрсөн сарын 23-нд  тус аймгийн “Гранд” зочид буудалд гар аргаар алт олборлогчид буухдаа алдсан байдаг. Харин дараагийнх нь тохиолдол хоёулаа нэг айлаас алдагджээ. Тухайлбал өнгөрсөн 1-нд Улаангом сумын 3-р багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус алдсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгал хийсэн байна.Тухайн үед энэ айл халууны шил хагарсан гэж мэдээлэл өгсөн байдаг.  Гэвч хүүхдүүдийн хэлснээр 2 вакусны шилтэй мөнгөн ус байсан байх магадлалтай гэнэ. Мөн мөнгөн усны талыг нь суултуур руу асгасан гэжээ

Энэ хэрэг дээр ОБГ-ын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, 1,2 гр мөнгөн усыг соруулан авч аймгийн Цагдаагийн хүлээлгэн өгчээ. 

ХҮҮХЭД АМНЫ ХААЛТАНД БООСОН МӨНГӨН УСААР АНГИ ДЭЭРЭЭ ТОГЛОЖ БАЙЖЭЭ

Энэ хэргээс ердөө хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 7-ны өдөр тэрхүү айлын хоёрдугаар ангийн хүүхэд анги дээрээ амны хаалтаар ороосон мөнгөн ус авчирч тогложээ. Үүнийг харсан ангийнх нь хүүхэд аав ээждээ хэлснээр тус сургуулийнхан сандралдан цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албан хаагчдыг дуудсан байна.

Анги танхимд мэргэжлийн байгууллага шалгалт хийхэд 3 ширээ, шалны завсраас 0.6 гр мөнгөн ус илрүүлээд байгаа юм. Хэргийн газар дээр анхан шатны халдваргүйжүүлэх ажиллагааг хийжээ. Одоо тус ангид хичээл орж байсан нэг ангийнх нь багш арьсаар нь юм туурсан, нөгөө багш нь жирэмсэн гэдэг мэдээлэл байна.

3 сарын 9.Цогцолбор 1-р сургуулийг ари

МӨНГӨН УС ТАРСАНТАЙ ХОЛБООТОЙГООР БАГА АНГИЙН СУРАГЧДЫГ АМРААЖЭЭ

Хүүхэд хичээлдээ яваад ирэхэд нь ангид нь мөнгөн ус илэрсэн талаар сонссон эцэг эхчүүд яахаа ч мэдэхгүй сандралджээ. Хүний тархи, мэдрэлд цаашлаад хүний удмын санд өөрчлөлт өгдөг энэхүү бодист хүүхэд нь хордсон гэж фэйсбүүк хуудастаа пост бичсэн эцэг эхчүүдийг цуурхал тараалаа хэмээн хэн нэгэн дарамталсан гэж сураг ч  бий. Энэ тал дээр санаа зовнисон эцэг эхчүүд “Увс Мөнгөн Усны Эсрэг Аав Ээжүүд” фэйсбүүк группыг нээн хаалттайгаар үзэл бодлоо солилцож байна. Учир тэд саяхан мэдсэн, тухайн хүүхэд анги дээрээ хэдэн хоног мөнгөн ус авчирч тоглож байсан эсэх тодорхой бус юм. Бидэнтэй холбогдсон нэгэн ээж “Хотын утаанаас холдуулж нутаг руугаа хүүхдээ явуулсан. Гэтэл ийм хэрэг гарчихаж, хүүхдийнхээ эрүүл мэнд ирээдүйд маш их санаа зовж байна” гэж байв.

Сургуулийн хуралд сууж буй санаа зовнисон эцэг эхчүүд

Мөнгөн усыг Оросын хилээр хууль бусаар оруулж ирж зардаг, дамжуулдаг сүлжээ байх магадлалтай

Одоогийн байдлаар мөнгөн ус илэрсэн ангид хичээллэж байсан 2 ээлжийн 75 хүүхэд мөн багш үйлчлэгчийг эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамруулаад байгаа ажээ. ОБГ-ын албан хаагчид тус ангийн цэвэрлэгээний 27 материалыг устгалж оруулаад байгаа гэв. Мөн хэд хэдэн хүүхэд биеэр нь тууралт гарч аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. 

Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчийг яаралтай дуудаж ирүүлэх, мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн бага ангийг хичээлийг баасан гариг хүртэл амраахаар болжээ. Харин ахлах ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ тал дээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир нь мэдээж үйлчлэгч тухайн ангийг цэвэрлэсэн алчуураараа бусад ангийг ч угаасан байж таарна, тэгэхээр тэд ч гэсэн мөнгөн усанд хордох магадлалтай гэж байв.

Харин удаа дараа мөнгөн ус алдсан иргэн Б-г Улаанбаатарт ЦЕГ шалгаж байгаа юм. Харин уг асуудал дээр аймгийн Засаг дарга Б.Батсайхан “Обьект, бүх баримт нотолгоо нь энд байхад уг хэргийг хотод асууж мөрдөж байгаа” гэв

Увс аймагт мөнгөн ус ойр ойрхон алдагддагийн шалтгаан нь гар аргаар алт олборлогчид их байдагтай холбоотой. Тус аймгийн Тариалан, Өмнөговь сумын нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлогчид 40 хүртэл метрийн гүнд ажилладаг байна. Хамгийн аюултай нь тэд хамгийн хүнд элемент агуулсан мөнгөн усыг алт угаахдаа ашигладаг ажээ. Үүнийг Оросын хилээр хууль бусаар оруулж ирж зардаг, дамжуулдаг сүлжээ байх магадлалтай гэж хуулийн байгууллага үзэж байгаа ажээ. Хэрэв мөнгөн усанд хүн хордсон нь тогтоогдвол тухайн хадгалсан, алдсан иргэнд 7 хүртэлх жилийн хорих ял оноодог байна.