Увс аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан иргэнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Үүнтэй холбогдуулан аймгийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж өчигдрөөс эхлэн 3 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Энэ хугацаанд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, сургууль цэцэрлэгийг ч хаах юм.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухайн иргэн нохой зууж ирсэн тарваганы мах идсэн бөгөөд 5 хоногийн дараа халуурч эмнэлэгт хандсан байна.

Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад дараах арга хэмжээг авч ажиллаж байна гэв.

-Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн.
-Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.
-Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаа эхэлсэн. Одоогоор нэгдүгээр хавьтлын 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байна.
-Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн 23:26 цагт хөдөллөө.
-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ТШУХОНХХ-ийн дарга Д.Нарангэрэл нар ЗӨСҮТ-д ирж тохиолдлын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Увс аймагтай холбогдож, хийгдэх ажлын чиглэлүүдийг хэлэлцэж, зөвлөгөө өглөө.

ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.