Өвөр монголд урт хугацаагаар ажиллаж амьдрах, үр хүүхдээ сургууль соёлд хамруулах, их дээд сургуульд суралцах, эмч домч бараадах зэрэг олон шалтгаант хүн бүхэнд тус дэм болох үүднээс дараах 10 сэдвийг түлхүүр болгон сонгож мэдээлэл-зөвлөгөө маягаар сийрүүлэв.

1. Анхан шатны мэдвэл зохих хууль дүрэм. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-нд монгол иргэд олноор ирж ажиллаж амьдрах болжээ. Нэн тэргүүнд мэдвэл зохих асуудал бол, БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх явдал юм. Манай иргэдийн дотор зарим нэг хүн сарын хугацаанд урд хөрш рүү визгүй зорчих эрхтэй хэмээн автоматаар ойлгочихсон байдаг. Өөрөөр хэлбэл, 31 хоногтой сарыг тооцоогүйгээс визний хугацаа хэтрүүлсэн зөрчилд холбогддог. Иймээс 30 хоногийн хугацаанд багтаж хилээр буцаж гарсан байх ёстой.

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль төлдөг. Мөн БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байхаар тус улс хуульчилсан.Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадны иргэнийг 5000-20000 юаниар торгох, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулдаг. БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх, ялангуяа хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйлсийг авч явахгүй байх шаардлагатай. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын үнэмлэх нь төрийн өмч ба тэдгээр баримт бичгийг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг манай талаас хориглодог, хууль бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг мэдвэл зохино. 

2.Байгаль, цаг уур. Өвөр монгол нь газар нутгийн хэмжээгээрээ Хятад дотроо гуравдугаарт жагсдаг. Өвөр монгол нь зүүнээс баруун зах хүртлээ 3000 гаруй км үргэлжилдэг гэж бодохоор ямар их өргөн уудам газар нутагтай болохыг илтгэнэ. Зүүн тал нь Их Хянган давааны тайга, баруун тал нь элсэрхэг цөл, урд хэсэг нь Хатан гол, Ляохэ голын сав газар, хойд хэсэг нь Хөлөнбуйр, Шилийн голын тал хээр юм. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000 гаруй метрээс дээш өндөрт өргөгдсөн. 

Цаг агаарын хувьд цэвэр эх газрын сэрүүн бүсийн уур амьсгалтай, жилд унах тунадас зүүнээс баруун тийшлэх тусмаа хэмжээ нь багасдаг. Зундаа халуун, намартаа сэрүүн, өвөл хуурай, хавар салхи ихтэйгээс элсэрхэг тоосонцор шороо босох нь элбэг. Ойрын жилүүдэд хэрэгжүүлж буй ногоон хөтөлбөрийн хүрээнд шороон шуурганы давтамж буурсан гэнэ. Өвөрмонголчууд энэ жилүүдэд тал хээр бол тал хээрээр нь, элсэн цөл бол элсэн цөлөөр нь, өөрөөр хэлбэл байгалийн ямар тогтоц байна түүндээ түшиглэн нүүдэлчин түмний ахуй амьдрал, зан заншил, түүх соёлтой уялдуулсан өрх гэрийн түвшнээс төрийн хэмжээний баазыг байгуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх болсон. Үүний зэрэгцээ улирлын чанартай аялал жуулчлал, баяр наадам, шоу фестивалийг төрөлжүүлэн тогтмол зохион байгуулж байна. Товчдоо бол, байгаль цаг уурын хувьд монголчуудад таагүй нөлөө үзүүлэх нь бага талдаа.

3. Байр сууц Монгол түмний уламжлалт сууц бол гэр. Орчин цагт өвөрлөгчдийн нутгаар эсгий гэрт амьдрах шаардлага багасчээ. Учир нь бэлчээрийг хашиж нэг өрхөд ногдох малын тоо толгойг зааж өгснөөр нүүдлийн мал аж ахуй суурин маллагаа руу шилжсэн тул тухайн газрын хэмжээнд тааруулж мал сүргээ хариулах тул өөрсдөө ч суурин амьдралтай болцгоожээ. Үүний оронд Өөртөө засах орны хэмжээнд хотжих үзэгдэл газар авч байна. Орон нутгаас хот руу шилжин ирэгсэд ихэссэн нь орон сууцны эрэлт хэрэгцээг өсгөж байгаагийн дээр хүмүүсийн ахуй амьдрал сайжирч худалдан авах чадвар нэмэгдсэн зэрэг нь барилгын компаниуд дунджаар 100 болон түүнээс м/кв талбай бүхий тохилог орон сууц барих сонирхолыг өдүүлж байх шиг.

Төв газрын иргэдийн хувьд газраа дахин төлөвлөлтөд хамруулж байр сууцны хангалтыг нэмэгдүүлж байгаа ч хүн олноор төвлөрсөн газруудад орон сууцны эрэлт хэрэгцээ харин ч улам өсч, тэр хэрээр үнийн хувьд төдийлөн хямдрахгүй байгаа аж. Хөх хот гэхэд нэг хэсэг зүүн тал руугаа тэлсэн бол одоо баруун тал руугаа хөгжих шийдвэр гарснаар тэр хэсгийн байрууд үнэд орж эхэлжээ. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн болон түр амьдрах иргэдийн сонголт мэдээж түрээсийн орон сууц, аль эсвэл хажуу өрөө байх нь гарцаагүй. Нэгээс хоёр өрөө онцын ялгаагүй дунджаар 1500-2000 юань байх ба хамгийн багадаа 3 сараар түрээсийн мөнгөө авдаг. Зарим түрээслэгч түрээсийн мөнгөн дээр нэг сарын барьцаа нэмэхийг шаарддаг. Хамгийн уртдаа нэг жилийн гэрээ байгуулдаг тул энэ тал дээр асуудлыг сайтар тооцоолох хэрэгтэй.

4. Унаа цуцаа. Манай иргэд Өвөр монгол руу агаар, автозам болон төмөр замаар зорчих бололцоотой. Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээний хооронд нислэг тогтмолжсон. Мөн галт тэрэг тогтсон өдрүүдэд явдаг. Монгол-Хятад орны хооронд байгуулсан баримт бичгийн хүрээнд нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр автозамын боомтууд амардгийг эс тооцвол газраарх урсгал хөдөлгөөн чөлөөтэй.

Нэгэнт зам тээврийн салбарыг хөндсөнийх ӨМӨЗО-ны зам тээврийн салбарын хөгжлийн сүүлийн үеийн тоо баримтаас товч хөндөе. Тус орны зам тээврийн салбар 1978 оноос хурдацтай хөгжиж өнөөгийн байдлаар төмөр замын нийт урт 14 мянган км-ыг давж, дээрх онтой харьцуулахад 8.8 дахин нэмэгдсэн. Автозамын нийт урт 199 мянган км-т хүрч 1978 оныхоос 11 дахин нэмэгдэж, хурдны автозам болон нэгдүгээр зэрэглэлийн автозамын урт улсдаа тэргүүн байранд жагсах болсон. Иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудал 27-г байгуулж, аймаг хот бүр онгоцны буудалтай болсон байна. 

5. Харилцаа холбоо. Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар нь тус хот дахь цорын ганц ДТГ юм. Консулын газрынхантай холбогдох бол 0471-4902262, 180 0487 4870, 136 7478 8424 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн,

Цагдаа - 110

Гал түймэртэй тэмцэх - 119

Замын цагдаа - 122

Түргэн тусламж - 120

Хэрэглэгчийн эрх хамгаалах - 12315 

Суурин телефоны лавлах – 114 зэрэг харилцах утасны дугаар таны гар дор байхад илүүдэхгүй.

Хоол хүнс. Өвөрмонголын хаа суурьшихаас хамаарч хоолны төрөл бага зэрэг өөр. Мэдээж монгол үндэстэн суурьшсан газар орны хувьд сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн бол гол хоол хүнс байх нь тодорхой. Төв суурин руугаа монгол, хятад холимог хоол хүнстэй. Малын махны олдоц монголтой харьцуулахад ховор талдаа, Хятадын бусад бүс нутагтай жишихэд арвин талдаа. Хятад дотроо нэг хүнд ногдох хонины мах, үнээний сүүгээрээ тэргүүлдэг газар хойно хэр юм. 

Нэг хонины махны өртөг дунджаар 1200-1500 юань. Одоогийн ханшаар бол /380 төгрөгөөр бодвол/ нэг хонь 456-570 мянган төгрөг. Үхэр ойролцоогоор 15000 мянган юань гэж бодвол шаггүй үнэтэй. Тийм ч болоод тэр үү хятад хоолноос монгол үндэстний хоолны газруудын хоол илүү үнэтэй талдаа тусдаг. Тогооны өрөм, ааруул хурууд, цайны ханд зэрэг монгол идээ ундааны зүйлийг дагнан худалдаалдаг худалдааны цэгүүд ч байдаг. Орчин цагт ямар ч хоол хүнсийг савалж баглан үйлдвэрлэлийн аргаар боловсруулах болсон. Тэдгээр хүнсний мухлагт дээрх мэт савлаж багласан бүтээгдэхүүнээс гадна Монголд үйлдвэрлэсэн зарим нэг нэрийн хүнс мэр сэр холилдон лангуун дээр өрөөстэй байх нь бий.

7. Хоршоо дэлгүүр Хүндийн хэмжүүр нь жин. Жин гэдэг нь хагас кг буюу 500 грамм юм. Жишээ нь, та хүнсний дэлгүүр орлоо гэж бодьё. Хүүхдийн нүдэнд хавчуулах хэдэн чихэр авах гэтэл 26.50 /Үүнийг 26 цэг 5 гэж уншина/ гэсэн үнэ хадаатай байвал хагас кг нь ийм үнэтэй юм байна гэж ойлгоорой. Нэг үе худалдааны газруудыг кг-аар бодож, тооцоо хийлгэдэг болгох гэж туршиж үзсэн юм байх. Өнөөх туршилт нь төдийлөн амжилттай хэрэгжээгүй тул эргээд жингээр тооцдог хуучин тооцооны аргадаа шилжсэн гэсэн. Бараа турууны дэлгүүр хоршоо хаа сайгүй.

Тус бүс нутгаар олон жил амьдарсан монгол иргэд ихэнхдээ цахим худалдаанаас гутал хувцсаа авдаг юм байсан. Худалдан авагчид хувцасны сонголт, хэмжээ таарахгүй бол буцаан солиулж болдог, хямдралын үедээ навсайтал хямдардаг, захиалсан бараа нь хүргэлтээр хүрээд ирдэг зэргээс хамаарч улс даяараа онлайн дэлгүүрээс их бага ямар нэг хэмжээгээр хамааралтай амьдрах хэв маяг тогтоод уджээ. Төлбөр тооцооны үндсэн нэгж бол мэдээж юань. Ихэнх иргэд нь гар утсаараа төлбөр тооцоо хийдэг. Иргэд нь бэлэн мөнгө авч явахаа больж, төлбөр тооцоо хийх гэж дугаарлахгүйн дээр хариулт мөнгө өгсөн өгөөгүй тухай маргаан үүсэхгүй байх зэрэг амьдралын олон талт хэмнэлийг хөнгөвчилжээ.

8. Хичээл сургууль. Өөртөө засах орны хэмжээнд 4000 орчим монгол иргэн амьдардаг гэсэн бүртгэл бий. Тэдгээрийн тал хувь нь оюутнууд. Бакалавр 4 жил, магистр /аспирант/, доктор тус бүр 3 жил бөгөөд аль шатны сургалтад хамрагдахаас хамаарч тэтгэлгийн хэмжээ өөр.

Манай залуус тэндхийн их дээд сургуульд суралцах нь түгээмэл болсон шиг монгол эцэг эхчүүд хүүхдээ дунд сургуульд сургах нь ихэсчээ. Монгол хүүхдээс тодорхой хэмжээний төлбөр авдаг. Хэрэв дотуур байранд суулгавал нэмж мөнгө төлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. 

Бага сургууль  /1-6 анги/

Нэгдүгээр он-Нэгдүгээр анги

Хоёрдугаар он-Хоёрдугаар анги

Гуравдугаар он-Гуравдугаар анги

Дөрөвдүгээр он-Дөрөвдүгээр анги

Тавдугаар он-Тавдугаар анги

Зургадугаар он-Зургадугаар анги

Анх дунд  /7-9 дүгээр анги/

Анх дундадын нэгдүгээр анги-Долдугаар анги

Анх дундадын хоёрдугаар анги-Наймдугаар анги

Анх дундадын гуравдугаар анги-Есдүгээр анги

Өндөр дунд /10-12/

Өндөр дундадын нэгдүгээр анги-Аравдугаар анги

Өндөр дундадын хоёрдугаар анги-Арваннэгдүгээр анги

Өндөр дундадын гуравдугаар анги-Арванхоёрдугаар ангийн сургалттай. Жишээ нь, Нэгдүгээр оны хоёрдугаар анги гэвэл тухайн хүүхэд 1-ийн б ангид сурдаг гэсэн үг.

9. Хэл яриа: Хятад дотор 5 сая 810 мянган монгол үндэстэн, ӨМӨЗО-д 4.1 сая нь монгол үндэстэн амьдардаг. Иймээс дэлхийн аль ч бүс нутагт ажиллаж амьдарч, аялж жуулчилсан алин болов ч өвөрлөгчидтэй уулзахад хэлний бэрхшээл харьцангуй бага тохиолдоно. Ялангуяа Хөлөнбуйр, Шилийнгол, Тунляо /хуучнаар Жирэм аймаг/, Хянган, Алшаа, Ордос, Баяннуур, Бугат зэрэг аймаг хотод монгол үндэстэн голчлон амьдардаг. Өвөрмонголын хаа нэгтээ анх очиход “Баярлан угтая” хэмээн мэндчилдэг. Энэ нь манайхны “Таньтай уулзсандаа баяртай байна” гэсэнтэй агаар нэг.

Бас “Хоёул сайхан явалцана” гэвэл бүү гайхаарай. Үүнийг “Хоёул сайхан найзалж нөхөрлөнө өө” гэсэн утгатай юм шүү. 

Тэд биднийг “Яриандаа ямар их гадаад үг хэрэглэдэг юм бэ” гэх боловч өөрсдөө хятад үг олныг хавчуулж ярьдаг. Үүн дээрээ аль аль нь хурдан ярьвал анх удаа бие биетэйгээ уулзаж буй хоёр хүн нөгөөгийнхөө хэлсэн ярьсныг бүрэн ойлгоно гэхэд хэцүү. Бараг 50х50 хувьтай ойлголцсон байх магадлалтай. Мануус, тануус, маапаантай, сүүдэр татуулах, малжих орон, тариалах орон гэх мэт илт ойлгогдох үг хэллэг зөндөө. Гэтэл монголоор яриад байгаа хэрнээ чухам юуг ямар үгээр төлөөлүүлж байгааг тайлбарлуулж ойлгох шаардлага үүсдэг. Хамгийн ойр наана жишээ дурдахад,

Гаригийн нэгэн-Даваа

Гаригийн хоёрон-Мягмар

Гаригийн гурван-Лхагва

Гаригийн дөрвөн-Пүрэв

Гаригийн таван-Баасан

Гаригийн зургаан-Бямба

Гаригийн өдөр гэдэг нь Ням гараг юм. Оффисыг албан гэр, үзгийг болд бийр, бийрийг үсэн бийр, балыг тосон бийр гэхчлэн оноолдуулж бичвэл бараг толь бичиг шахуу юм болохоор юм билээ. Зарим гадаад үгийг хятад хэлнээс шууд орлуулж хэрэглэсэн байх бол зарим тохиолдолд өвөрмонголжуулж хөрвүүлсэн үг хэллэг цөөнгүй тааралдана. “Баа” гэдэг сул үгийг асуух өгүүлбэрийн төгсгөлд ашиглана. Жишээ нь “Танай дундах хүү ба” гэвэл “Танай дундах хүү юу” гэсэнтэй адил. 

Эрүүл мэнд. Монгол иргэдийн ӨМӨЗО руу зорчих эхний хэдэн шалтгаан дотор эмнэлэгт үзүүлэх гэсэн шалтгаан нэлээн дээгүүрт орно байх. Манай иргэд ихэвчлэн Хөх хот, Эрээний эмнэлгийг зорьж үзүүлдэг. Тэдгээр эмнэлгүүд өөрийн орны иргэдийн нэгэн адил тогтсон тарифаар чанартай эмчилгээ оношилгоо явуулдаг бололтой, монголчуудын цуваа ч тасрахгүй юм. Энэ байдалд нийцүүлж тэдгээр эмнэлгүүд монгол хүнтэй чөлөөтэй нэвтрэлцэх ажилтнуудыг ажиллуулдаг. 

Хөт хотын тойронд Өвөрмонголын эмнэлэг, Олон улсын монгол эмнэлэг, Өвөрмонголын анагаах ухааны их сургуулийн “Харьяат” эмнэлэг, Хөх хотын Монгол-Хятадын эмнэлэг нь манайхны олноор очдог эмнэлэг аж. Уг бүс нутгаар амьдарсан тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үнэтэй тусна. Эмнэлгүүд нь оочер дугаар ихтэй. Ямартаа л өөрсдийнх нь иргэд “Сүүлийн үед орон сууц, эмнэлгээр мөнгө босгодог болсон” гэж байх вэ. Тиймээс иргэд нь ялангуяа, дунд болон дундаас дээш насныхан эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг. Тэдний өвдсөн хойно нь биш, өвдөхөөсөө өмнө хөнөөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүсэл эрмэлзлийг төрөөс багагүй дэмждэг шиг харагддаг. Тиймээс ч насжилт өндөрсөж, нөгөө талдаа өндөр настай иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь ирэх жилүүдэд энэ улсын анхаарлын төв дэх асуудлын нэг болж мэдэхээр байна.