2018 оны 7-р сарын 6-ны 17 цагийн үед Арвайхээр хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер болж иргэд, айл өрхөд багагүй хохирол учраад байна.
Арвайхээр сумын нутаг Онги голын ойролцоо зусаж байсан Баянгол сумын харъяат гурван өрхийн 400 гаруй бог мал, Уянга сумын Тэрмэлийн голд зусаж байсан гурван өрхийн 200 гаруй бог мал мөндөрт цохиулж, усанд урсан хорогдсон байна. Мөн Уянга, Арвайхээр, Баянгол суманд найман айлын гэр цөмөрч, гурван машины цонх, гэрэл толь хагаран хашаа нуржээ.

Аймгийн Онцгой байдлын газраас дуудлагын дагуу 30 орчим машиныг үер уснаас татаж, 50 гаруй хүний амь нас эрүүл мэндийг хамгаалсан байна.
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн ПК 415-431 замд 5 км орчим үерийн ус урсаж, эвдрэлийг тогтоох боломжгүй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг АЗЗА ТӨХК-иас анхааруулж байгаа юм.

Түүнчлэн Арвайхээр сумын Дайрганы талбайд мөндөр орж, загвар аж ахуйд тариалсан бөөрөнхий сонгины үрслэг болон бусад тарималууд байгалийн гамшигт өртөөд байна. Дээрх зурвас газруудад мөндөр теннисний бөмбөгний дайтай том орсныг иргэд ярьж байгаа юм.
Цаашид хүчтэй бороо үргэлжлүүлэн орох тул иргэдийг үер усанд болгоомжтой байх, баталгаат зам, гүүрээр зорчихыг анхаарууллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг