Өнгөрсөн эсвэл одоо үеийн хүн бүрт гоо үзэсгэлэн гэж байдаг. Зарим хүний дотоод гоо үзэсгэлэн нь хэтэрхий хүчтэй учир тэднийг домог болгосон байдаг: Калькуттагийн Тереза эх, Назаретийн Есүс, Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Будда, Нельсон Мандела, Жон Леннон, Диана гүнж ба бусад олон хүнийг нэрлэж болно. Эдгээр үзэсгэлэн төгөлдөр хүмүүсийн нэрс түүхийн хуудаснаа үүрд үлдсэн. 

Гэхдээ үүнээс илүү чухал нь энэ дэлхий дээр бусдын дотор буй хүнлэг зан чанарыг хадгалахад тусалдаг сая сая хүн байдаг. Сүүлийн үед тохиолдож буй үйл явдлуудаас үзэхэд тэдгээр хүмүүс бидэнд яг одоо хэзээ хэзээнээс илүү их хэрэгтэй байна. 

Бидний дунд амьдарч буй хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн тайван, үзэсгэлэн төгөлдөр хүмүүс ижил зан чанар, дадал зуршилтай байдгийг та анзаарч байсан уу? Тэд зүгээр л дотроосоо гэрэлтэж байдаг, тийм үү? 

Тэгвэл үзэсгэлэн төгөлдөр хүнийг тодорхойлох 8 зан чанарыг хүргэж байна. Та багтаж байна уу?

“Хэдий үзэсгэлэнтэй эсвэл үнэ цэнтэй байлаа ч ямар ч материаллаг эд зүйл бидэнд хайрыг өгч чадахгүй. Учир нь бидний гүн гүнзгий дотоод мөн чанар, жинхэнэ зан араншин маань оюун ухааны субьектив шинж чанарт оршино” - Далай лам 

#1. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс хайрлаж чаддаг 

Тиймээ, тэд бусдыг хайрлаж чаддаг. Тэд хайраа олон янзаар илэрхийлдэг ба хайр нь хэлж буй үгс, хийж буй үйлдлээс нь илэрхий байдаг. Жинхэнэ утгаараа үзэсгэлэн төгөлдөр хүний дотор гоо үзэсгэлэн, хайр хоёр зэрэг оршино. Үзэсгэлэн төгөлдөр хүний дотор орших хайр энэрэл гадагшлахгүй байна гэж байдаггүй – хайрлуулах “эрхгүй” хүмүүст хүртэл хүрч байдаг.


#2. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс хувиа хичээдэггүй 

Ихэнх шашны бичвэрүүдэд Есүсийг өгөөмөр сэтгэлтэй, хайр дүүрэн хэмээн дүрсэлсэн байдаг. Тэр ч байтугай бурханлиг чанарт нь үл итгэдэг хүмүүс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөг. Шашны гол урсгалууд болох Буддизм, Иудаизм, Хиндуизм, Исламын шашин шүтлэгт Есүсийг хүн төрөлхтнийг аврагч биш юмаа гэхэд зөгнөгч, ариун хүн хэмээн үздэг. Энэ бүхэн Есүсийн хайр ба нинжин сэтгэлийн илрэл хэмээн үзэж болох ба бүхнээ бусдад харамгүй зориулах, бусдын төлөө амиа золиослох зэрэг үйлдлүүдтэй холбоотой юм. 


#3. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс амгалан байдаг

“Бусдад хор хөнөөл бүү учруул” – энэ бол үзэсгэлэн төгөлдөр хүмүүсийн зарчим юм. Энэ зарчмаар тэд амьд амьтан, хүн, байгаль дэлхийдээ ханддаг ба үүнд зах хязгаар гэж үгүй. Мартин Лютер Кинг бол дарангуйллын эсрэг зогсож чадсан, амар амгалангийн гайхалтай жишээ болсон хүн. Эцэс төгсгөлгүй их хөдөлгөөн дунд дотоод амар амгаланг хадгалж үлдэнэ гэдэг хэцүү ч үзэсгэлэн төгөлдөр хүмүүс энэ тал дээр бусдад үлгэр дуурайлал болж чадна. 


#4. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс бусдыг шүүдэггүй 

Харамсалтай нь, бид нэгнээ харанхуй бүдүүлгээр нь эсвэл хэт давуу байдлаар нь шүүмжилдэг нийгэмд амьдарч байна. Жинхэнэ үзэсгэлэнг цогцлоосон хүн бол эдгээр худал хуурмагт хуурталгүй бүх хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, эдийн засгийн байдал, улс төрийн үзэл болон бусад үзэл байдлаар нь ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдийг адилхан хайрладаг. Аливаа хүнийг тодорхойлох хүчин зүйлсүүд нь туйлын үнэн биш, хувьсан өөрчлөгдөх боломжтой гэдгийг тэд сайн мэднэ. 


#5. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс даруу байдаг

Даруу төлөв зан болон дотоод гоо үзэсгэлэн бол хоорондоо салшгүй холбоотой билээ. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү ч үгүй дутуу ч үгүй гэдгийг сайн мэднэ. Зарим хүмүүс даруухан дүр эсгэдэг ба дотроо бол өөрийгөө бусдаас илүү гэж бодож явдаг. Гэхдээ энэ зан нь тэдний үйл хөдлөлд илэрдэггүй. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс үүнийг нь ялгаж мэддэг бөгөөд үргэлж өөрийгөө дөвийлгөж, магтсан зангаас нь залхсан байдаг аж. 


#6. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс шударга байдаг 

Тэд үг, үйлдлээрээ шударга байх нь өгөөмөр сэтгэл гаргаж буй бус харин заавал байх ёстой зүйл гэж үздэг. Тэд өөрсдөдөө үнэнч байх бол хамгийн чухал гэж боддог. Өөрийгөө болон бусдыг хуурахаас татгалзах нь үзэсгэлэн төгөлдөр хүмүүст эрч хүч өгч, утга учиртай, харамсах зүйлгүй амьдрахад тусалдаг. 


#7. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс энх тайван байдлыг авч ирдэг 

Түүхийн номнуудад энх тайвныг тогтоогч хүмүүсийн талаар олон бичигдэж, их хэрэг бүтээхийн төлөө хүчирхийлэл хэрэглэлгүйгээр зүтгэсэн хүмүүсийн талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Сүүлд АНУ-д хэд хэдэн асуудлаар тайван жагсаал цуглаан олон удаа болж өнгөрсөн. Галт зэвсгийн зохицуулалт, цагаач гэр бүлүүдийн гадуурхал, нийгмийн цөөнх болон ахмад дайчид гэх мэт асуудлууд хөвөрсөөр. Энэ бүх тохиолдолд ижил үзэл бодолтой, үзэсгэлэнтэй хүмүүс хамтдаа жагссан. Хамтдаа тэд хүчирхийлэл, үзэн ядалт, үл тоомсорлолтыг өөрчлөхийг шаардсан. Тэд өөрсдийн хичээл зүтгэлийг амар амгалан дэлхийг бүтээхэд зориулж байна. 


#8. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс эрэлхэг зоригтой байдаг 

“Хүч чадал бие махбодийн чадамжаас хамаарахгүй. Хүч чадал номхоршгүй их хүслээс үүдэлтэй” хэмээн Ганди хэлсэн байдаг. Түүний хэлсэн эдгээр үгс бол цаг үеэ олсон, хүчирхэг утга санааг агуулж байна. Гандигийн амьдарч байсан цаг үетэй адил одоо ч гэсэн бид хүч чадлыг цэргийн хүч, зэвсгийн нөөц мэтээр ойлгодог. Үзэсгэлэн төгөлдөр хүмүүс үнэн зөв байдлыг хүч чадлын цорын ганц хэмжүүр хэмээн үздэг аж. Зөв бүхний төлөө зогсоход эр зориг, хүч чадал, хүсэл эрмэлзэл шаардагдана. 



Эцэст нь : Ахин хэлэхэд, яг одоо бид бүхэнд үзэсгэлэн төгөлдөр хүмүүс хэзээ хэзээнийхээс илүү их хэрэгтэй байна.