БИШКЕК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр эхлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцож, хэд хэдэн удирдагчтай уулзана. Тэрбээр пүрэв гарагийн орой Бишкект хүрэлцэн очжээ. ШХАБ-ын гишүүн “найман” улс /ОХУ, Энэтхэг, Киргиз, БНХАУ, Пакистан, Тажикстан, Узбекистан/ хурлынхаа үеэр хамтын ажиллагаа болон бүс нутгийн асуудалд гол анхаарлаа хандуулна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээд хэмжээний уулзалтын үеэр тусдаа уулзалтууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, тэрбээр Хятад болон Монголын удирдагч нартай гурван талын уулзалт хийхээс гадна, Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай хэлэлцэнэ.

Бишкек дэх ажлын хөтөлбөрөө дуусгасны дараа В.Путин Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохоор Тажикстаны нийслэл Душанбе хотыг зорино.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт

ШХАБ-ын гишүүн улсуудын удирдагчдын уулзалт уламжлал ёсоор хаалттай болдог цөөн бүрэлдэхүүнтэй хурлаар эхэлнэ. Уг хурлын үеэр аюулгүй байдал, терроризм болон мансууруулах бодисын наймаатай тэмцэх, эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг чиглэлд ШХАБ-ын хүрээнд хийж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хэтийн төлвийг хэлэлцэх төлөвтэй байна. Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтад оролцогсод Афганистан дахь нөхцөл байдал болон Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэх юм.


“В.Путин энэ хурлын үеэр Сирийн байдлыг зохицуулах асуудалд Оросын баримталж буй чиг шугамыг танилцуулахын зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн асуудлыг хөндөнө. Түүнчлэн “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн хүрээнд явуулж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлнэ” гэж Ушаков мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн "НҮБ-ын гол үүрэгтэйгээр дэлхийн дэг журмыг тогтооход ШХАБ-ын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хийж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, юуны өмнө хэт давруу үзэл, терроризмтой тэмцэхэд хамтарсан хүчин чармайлтыг зохицуулах асуудалд” түншүүдийнхээ гол анхаарлыг хандуулна гэж Ушаков нэмж хэлсэн байна.

Үүний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид ажиглагчийн статустай Афганистан, Беларусь, Иран болон Монгол Улсын төрийн тэргүүн нарын хамт өргөтгөсөн хурал хийнэ. Өргөтгөсөн хуралдаанд мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гүйцэтгэх хорооны дарга, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн дарга зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Уг хурлын үеэр дэлхийн аюулгүй байдал болон бүс нутгийн тогтвортой байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа удирдагчид Бишкекийн тунхаглалд гарын үсэг зурна. Уг тунхаглалд тус байгууллагыг цаашид өргөжүүлэх талаарх талуудын байр суурийг тусгах юм байна. Баримт бичигт мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал нэгдсэн үнэлэлт дүгнэлт тусгагдана.

Үүнээс гадна, багц баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. Тухайлбал, олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээ, тоон мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах үзэл баримтлал, “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн цаашдын үйл ажиллагааны замын зураг, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай харилцан ойлголцох санамж бичиг, мөн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газартай болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурна.  

Душанбе ШХАБ-ыг даргалах халаагаа Москвад шилжүүлэн өгч буйтай холбоотойгоор В.Путин хамтран зүтгэгчдээ 2020 оны долдугаар сарын 22-23-нд ОХУ-ын Челябинск хотод зохион байгуулах дээд хэмжээний уулзалтад урина.

Бишкект хийх уулзалтууд

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дууссаны дараа В.Путин Орос-Хятад-Монголын өндөр дээд түвшинд хийх гурван талын уулзалтад оролцож, Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзана.

ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн тэргүүн нар гурван талын хамтын ажиллагааг хэлэлцэх зорилгоор уулзана. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын сануулан дурдсанаар, энэ нь гурван улсын удирдагчдын ийм хэлбэрээр хийсэн тав дахь уулзалт болно. Анхны уулзалт 2014 онд Душанбед зохион байгуулсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон билээ.

Гурван талын уулзалтын дараа В.Путин Ираны Ерөнхийлөгчтэй уулзана. Ушаковын хэлснээр, уг уулзалт нь “өнөөгийн нөхцөл байдлын хувьд маш чухал юм”. Хоёр орны удирдагчид Сирийн байдал болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөний эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

В.Путин зургадугаар сарын 14-ны орой Бишкекээс Тажикстаны нийслэл Душанбе хот руу ниснэ. Тэрбээр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнө Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонагийн нэрийн өмнөөс төрийн тэргүүн нарт зориулан зохион байгуулах албан ёсны оройн зоогт оролцоно. Гол арга хэмжээ зургадугаар сарын 15-нд эхэлнэ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг