ВАШИНГТОН. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео илэрхийлжээ.


В.Путин болон түүний бодлогод та урьдын адил шүүмжлэлтэй хандаж байна уу хэмээх сэтгүүлчийн асуултад М.Помпео хариулахдаа “Бид АНУ, Орос хоорондын харилцаа хийгээд цаашид энэ харилцааг хамтдаа хэрхэн урагшлуулах талаар ярьж байгаа. Энэ бол хувь хүний тухай биш юм. Бид ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Тэд ч мөн ашиг сонирхлоо хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаа” гэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар ОХУ-д анх удаа айлчилсан М.Помпеогийн В.Путинтай хийсэн яриа хэлэлцээ 1 цаг 30 минут орчим үргэлжилжээ. Талууд Сири дэх сөргөлдөөн, Ираны асуудал зэрэг олон улсын асуудал хийгээд Их 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путины АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй байгаа уулзалтын талаар хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг