Америкийн “Washington Post” сонины тоймч Жамаль Хашкажи Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газарт очсоноосоо хойш холбоо бариагүй байна. Энэ тухай телевизийн “Habertürk” суваг мэдээлэв.

Саудын Араб гаралтай сэтгүүлч Хашкажи нь Саудын Арабын эрх баригчдын баримталж буй одоогийн бодлогыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн бөгөөд 2017 онд тэрбээр эх орноосооо явж, АНУ-д суурьших болсон байна. Стамбул дахь дипломат төлөөлөгчийн газар Хашкажи өнгөрсөн мягмар гарагт 13:00 цагийн орчим бичиг баримт бүрдүүлэхээр ирсэн байна. Мөн түүнтэй консулын газрын ажилтнууд утсаар холбогдож, консулын газар ганцааранг нь ирүүлэхийг хүссэн байна. Тэрбээр гэргийтэйгээ цуг явж байсан хэдий ч дотогшоо зөвхөн Хашкажиг л оруулжээ.

“Habertürk” телевизийн мэдээлснээр, Хашкажи бичиг баримтаа бүрдүүлэн өгөөд, консулын газраас гарч ирэх ёстой байсан гэнэ. Гэсэн хэдий ч 5 цагийн дараа консулын газрын ажилтнуудын нэг нь Хашкажиг хэдийнээ явчихсан, түүнийг хүлээх хэрэггүй гэж гэргийд нь хэлсэн байна. Хашкажи “Твиттерт” идэвхтэй жиргэдэг нэгэн хэдий ч хамгийн сүүлд тус нийгмийн сүлжээнд 10 дугаар сарын 1-нд нэвтэрчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг