ЛОНДОН. /Reuters/. Их Британийн нийслэл Лондон хотод 305 метр өндөр тэнгэр баганадсан барилга барих төслийг тус хотын эрх баригчид баталжээ. “Tulip” гэж нэрлэх энэ барилга нь Лондон хотын шинэ дурсгалт зүйл болох ёстой юм.

Уг барилга Баруун Европт өндрөөрөө Лондон хотын “Shard” цамхагийн дараа хоёрдугаарт орох аж. 310 метр өндөр уг цамхаг нь ашиглалтад орсон даруйдаа хотын иргэд төдийгүй гадаадын аялагч, жуулчдын очих дуртай газруудын нэг болсон билээ.

“Tulip”-ийн зураг төслийг Их Британийн алдарт архитекторч Норман Фостерын “Foster and Partners” архитектурын товчоо гаргажээ. Цамхаг цэцгийн ишийг санагдуулам хэлбэртэй байх аж.


Дээрх төслийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг одоо Лондон хотын дарга Садик Хан гаргах ёстой. “Tulip”-ийн барилгын ажлыг Ливан-Сири гаралтай Бразилын тэрбумтан Жозеф Сафра санхүүжүүлэх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг