Хятад улсын удирдагч Си Жиньпиний урилгаар БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун Хятад улсад албан бус айлчлал хийсэн.

2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш Ким Жөн Ун гадаад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Түүний айлчлал өнгөрөгч долоо хоногийн ням гарагт эхэлсэн бөгөөд лхагва гарагт өндөрлөлөө.

Айлчлалын үеэр Си Жиньпин Бээжин хот дахь Ардын Их хурлын танхимд Ким Жөн Унтай хэлэлцээ хийсэн байна. Мөн Си Жиньпин гэргий Пөн Лиюанийн хамт Ким болон түүний гэргий Ри Сол Жутай хүндэтгэлийн зоог барьж, урлагийн тоглолт үзжээ.

Си Жиньпин хэлэхдээ “Онцгой цагт, маш чухал үед хийж буй энэ айлчлал нь БНАСАУ-ын удирдагч манай хоёр улс болоод намын хоорондын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм” гэжээ.
 
Үүний хариуд Ким хэлэхдээ
“Хятад улсад сүүлийн үед маш чухал, томоохон арга хэмжээнүүд ар араасаа боллоо. ХХН-ын XIX их хурал өнгөрсөн намар болсон. Мөн саяхан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны их хурал амжилттай боллоо. Эдгээр үйл явдал нь нөхөр Си Жиньпин ХКН болоод ард түмнийхээ итгэлийг бүрэн хүлээсэн болохыг тод харуулсан. БНАСАУ-Хятад улс уламжлалт найрсаг харилцаатайн хувьд нөхөр Си Жиньпинд биечлэн баяр хүргэх нь миний үүрэг юм” гэжээ. 

Тэрбээр цааш нь ярихдаа “Солонгосын хойгийн байдал хурдацтай сайжирч, олон чухал өөрчлөлт гарч байна. Энэ хойгийн одоогийн нөхцөл байдлын талаар өөрийн биеэр ирж мэдээлэл өгөх нь зүйтэй гэж би бодсоны үндсэн дээр энэ айлчлалыг хийж байна” гэв.
 

Хятад-БНАСАУ-ын харилцааг улам бүр бэхжүүлэх дөрвөн саналыг Си Жиньпин дэвшүүлсэн байна.

Нэгдүгээрт, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлэх. “Өндөр түвшний айлчлал нь Хятад-БНАСАУ-ын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тусгай төлөөлөгчид болоод захидал харилцан илгээх зэргээр харилцаагаа улам бүр бэхжүүлэх боломж бидэнд байна” гэж Хятадын улсын дарга Си хэлжээ.

Хоёрдугаарт
, удаан хугацааны шалгуурыг давсан стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх. Си хэлэхдээ “Манай хоёр улс томоохон асуудлуудаар санал солилцсоор ирсэн сайхан уламжлалтай. Хоёр талын аль аль нь нам хоорондын харилцааг бэхжүүлэх, өргөн цар хүрээг хамарсан салбарт харилцаагаа бэхжүүлэх, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгөх хэрэгтэй” гэжээ.

Гуравдугаарт, энх тайванч хөгжлийн замаар тууштай явах. Хятад улсын дарга хэлэхдээ “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе эхлээд байна. Мөн БНАСАУ-ын социалист бүтээн байгуулалт шинэ түүхэн үе рүүгээ ороод байна. Бид энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагаа ба харилцан итгэлцлийн тугийг намируулан ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжлийн төлөө урагш тэмүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Дөрөвдүгээрт, Хятад-БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг “мөнхлөх”. Хоёр тал янз бүрийн хэлбэрээр, тухайлбал ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх, ялангуяа залуучууд солилцоог нэмэгдүүлэх замаар Хятад-БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй гэж Хятад улсын дарга хэлжээ.

Эдгээр саналын хариуд БНАСАУ-ын удирдагч хэлэхдээ “Хятад улсын дарга Си Жиньпиний БНАСАУ-Хятадын харилцааны талаарх санаа бодол болоод хоёр улс, хоёр намын харилцааг цаашид бэхжүүлэх саналууд надад маш их урам зориг өглөө. Миний энэ айлчлалын зорилго бол Хятад улсын даргатай уулзах, стратегийн харилцааг бэхжүүлэх, цаашид илүү нягт хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх юм” гэжээ.

Уулзалтын видеог хүлээн авна уу.





Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/news/