Мягмар гарагт Мексикийн Номхон далайн эрэг орчмын бүс нутгуудад хөрсний гулгалт үүсгэсэн “Вилла” шуурга тус улсын төвийн нутгуудыг чиглэн урагшилж байна.

Эхэн үедээ хар салхи хэмээн тооцогдож байсан уг шуурганы хүч сулран халуун орны шуургын хэмжээнд хүрсэн хэдий ч Мексикийн баруун нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаа юм.

АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, шуурганы улмаас үүсэх үерийн гамшиг болон хөрсний гулгалтын улмаас хүний амь эрсдэж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг ард иргэдэд анхааруулсан аж.

Мөн эргийн Синалоа болон Наярит мужид далайн өндөр давлагаа үүсч, хүчтэй салхи үргэлжлэн салхилах тухай мэдээлсэн байна. “Вилла” хар салхи нь хөрсний гулгалт үүсгэх үедээ гуравдугаар түвшний шуургад тооцогдож байсан юм. 

Уг шуурга нь Синалоа мужийн Эскуинапа суурингаас 15 километр зайд дэгдэх үед орон нутгийн эмнэлгийн дээвэр хууларчээ. Тус суурингийн оршин суугчид түр хоргодох байранд цуглаад байгаа тухай “AFP” агентлаг мэдээлсэн бөгөөд тэдгээр хүмүүс өөрсдийн гэр орон болон эд хогшилдоо ихээхэн санаа зовж байгаа тухайгаа сэтгүүчдэд мэдээлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC