Зээл яаралтай гаргана, виз хурдан даруулна, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тараах нь  ихэссэн талаар Эрүүгийн цагдаагийн газрын  Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийнхэн мэдээллээ. Энэхүү зарын цаана гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байна. Залилахдаа  иргэнд банк санхүүгийн байгууллагад ажилладаг мэтээр итгүүлж виз болон зээл яаралтай гаргуулахын тулд паспортын хуулгаа, сертификатын хамт цахим шуудангаар явуулахыг шаардах, эхний ээлжинд нэрлэсэн дансаар урьдчилгааны мөнгө шаарддаг ажээ. Гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд google.translate ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашигладаг байна.

 Тиймээс иргэд энэхүү зараар хандахгүй байх, хувийн чатаар нарийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.