Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд Туркт алга болсон сэтгүүлч Жамаль Хашкажиг хуурах замаар Саудын Арабт аваачин, баривчлахын тулд ажиллагаа явуулах үүрэг өгчээ гэж “The Washington Post” сонин Америкийн тагнуулын газрын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын эрх баригчдыг төлөөлөх өндөр дээд тушаалын хүмүүс Хашкажиг эх оронд нь буцаан авчрахын тулд түүнд янз бүрийн санал тавихыг хэд хэдэн удаа оролдож байжээ. Гэсэн хэдий ч сэтгүүлч Хашкажи эдгээр саналд итгэдэггүй байсан бөгөөд Саудын Арабын удирдлагад итгэдэггүй учир тэдгээр урилгаас татгалзсан гэдгээ найзууддаа хэлдэг байсан аж. Хашкажин Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар алга болсон явдал нь сурвалжлагч залууг Саудын Арабт хууран авчрах ажиллагаа бүтэлгүйтсэн тохиолдолд ашиглаж болох нөөц төлөвлөгөө нь байсан болохыг “The Washington Post” сонин үгүйсгээгүй байна.

Саудын Араб гаралтай сэтгүүлч Хашкажи нь Саудын Арабын эрх баригчдын баримталж буй одоогийн бодлогыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн бөгөөд 2017 онд тэрбээр эх орноосооо явж, АНУ-д суурьших болсон юм. “The Washington Post” сонинд тэрбээр Саудын Арабын нөхцөл байдал, тус улсын дотоод бодлогод дүн шинжилгээ хийсэн нийтлэлүүдийг байнга бичдэг нэгэн аж. Хашкажи энэ сарын 2-нд Туркийн Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр явснаасаа хойш эргэж холбоо бариагүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг