АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээгээ тун амжилтай, ашиг тустай хийгээд нээлттэй, ажил хэрэгч байдалд болж өнгөрлөө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хельсинки хотод болсон дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Түүнчлэн тэрбээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаархи санал бүхий бичгийг Д.Трампт дамжуулан өгснөө дурдсан байна.

В.Путин, Д.Трамп нарын анхны бие даасан, бүрэн хэмжээний уулзалт өчигдөр Финландын Хельсинки хотод болсон билээ. Хоёр улсын удирдагчдын хийсэн ганцаарчилсан уулзалтын дараах өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, ерөнхийлөгчийн туслах Фиона Хилл нар оролцсон байна.

“Болж өнгөрсөн яриа хэлэлцээнүүд нь ерөнхийлөгч Д.Трамптай хамтран хоёр улсын харилцаан дахь сөрөг нөхцөл байдлыг залруулж, харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг төлөвлөх, харилцан итгэлцлийн түвшинг сэргээх хүслийг харуулж байна” хэмээн В.Путин уулзалтын дүнд мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр хоёр улсын тусгай албаны ажилтнууд харилцаа холбоотой ажиллаж байсан талаар дурдахын сацуу хоёр улсын бизнес эрхлэгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах талаар тохиролцоонд хүрэх, Сирийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллахад шаарлагатай бүхий л хэсэг талуудад бий болохыг цохон тэмэглэсэн байна.

Харин Д.Трамп мэдэгдэхдээ “Дипломат арга зам, хамтын ажиллагаа, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөөн, дайсагнасан харилцаанаас илүүд үзэж байгаа нь АНУ болон ОХУ-д төдийгүй дэлхий дахинд ээлтэй” гэжээ. Тэрбээр мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Орос улс АНУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг