ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хельсинки хотод уулзах үеэрээ зэвсгийн тоо хэмжээг бууруулах, зэвсэглэлд хяналт тавихад чиглэгдсэн хэд хэдэн тодорхой санаачлагуудыг танилцуулжээ. Уг санаачлагадаа сансарт зэвсэг байрлуулахыг татгалзах саналыг мөн тусгасан байна. Энэ тухай “Politico” сонин мэдээлжээ.
 
Тус сонины мэдээлж байгаагаар, баримт бичиг нь орос болон англи хэлээр бэлтгэгдсэн “Зэвсэглэлд хяналт тавих асуудлаархи яриа хэлэлцээ” нэртэй санамж бичиг байсан аж.
 
Санамж бичигт ОХУ-ын эрх баригчид Стратегийн давшилтын зэвсгийг цаашид бууруулах, хязгаарлах арга хэмжээний тухай Орос-Америкийн гэрээг 5 жилээр сунгах саналыг тусгажээ. Түүнчлэн санамж бичигт дурдсанаар, эдгээр санал нь мөн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээний хүрээнд хүлээсэн талуудын үүрэг хариуцлагыг дахин батлах шаардлагатайг тусгажээ.
 
Санамж бичигт мөн Зүүн Европт нэмэгдэж буй хурцадмал байдлын асуудлыг хөндөхийн сацуу  Европт цэргийн ажиллагаа явагдах үед гарах хэрэг явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, цэргийн салбарт харилцан итгэлцэл, ил тод байдлыг нэмэгдүүлэхийг Орос болон АНУ-ын эрх баригчдад санал болгосон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг