МОСКВА. /RIA Novosti/. Хятадын “Xiaomi” компани “Mi CC9” ухаалаг гар утасныхаа “CC9”, “CC9e”, “CC9 Meitu Custom Edition” гэсэн шинэчилсэн гурван загварыг танилцуулсан тухай “Gizmochina” цахим хуудас мэдээлжээ. 

“CC9” загвар нь “Full HD+” нягтралтай, 6.39 инчийн AMOLED дэлгэцтэй бөгөөд “Qualcomm Snapdragon 710” процессор суурилуулжээ. Харин “CC9e” гар утас нь 6.08 инчийн “HD+” нягтралтай AMOLED дэлгэцтэй, “Snapdragon 665” процессортой аж. Хоёр гар утас хоёулаа хурууны хээ танигч сканертай, үндсэн гурван камертай ба нүүрэн талынх нь камер нь 32 мегапикселийн нягтралтай байна. Түүнчлэн хоёр сим карт ашиглах боломжтой ажээ. Эдгээр төхөөрөмж нь 4-6 гигабайтын Ram буюу шуурхай санах ойтой бол 64 эсвэл 128 гигабайтын дотоод санах ойтой байна. 

“CC9 Meitu Custom Edition” загвар нь шуурхай болон дотоод санах ойн багтаамжаараа дээрх хоёр загвараас ялгаатай. Шуурхай санах ойн багтаамж нь найман гигабайт бол 256 гигабайтын дотоод санах ойтой аж

Шинэ гар утсуудыг зөвхөн Хятадад захиалах боломжтой.


Эх сурвалж: Монцамэ агентлаг