XIV Людовик залуудаа маш гоё үстэй байсан тул хүн бүр атаархдаг байсан гэдэг. Удалгүй тэрээр өвчний улмаас (мэдрэлийн гаралтай өвчин) цэл залуу 23 насандаа халзарч эхэлсэн учир өөртөө хиймэл үс (фр-allonge) захиалжээ. 

Хаан олон удаа  хиймэл үстэй харагдсанаас хойш байнга хиймэл үс зүүдэг болж. Мэдээж  хиймэл үс нь түүнд  сүр нэмдэг байсантай хэн ч маргахгүй. Хаан сүүлдээ  бүх хүнийг  хиймэл үс зүүх тухай тушаал гаргаж, хиймэл үс 150 жилийн турш хувцаслалтын заавал байх ёстой зүйлсийн нэг болсон гэдэг. Тухайн үеийнхэн хиймэл үсийг толгойн дээр бат бэх байлгахын тулд тайрсан үсэн дээрээ зүүдэг байж. Бас  дээд хүрээнийхэн л хиймэл үсээр гоёдог байв. Язгууртнууд  хиймэл үс зүүлгүй олны өмнө  гарвал зохисгүй хэмээн үздэг байсныг өнгөрсөн түүхээс харж болно. 

Тухайн үед хиймэл үс алтан, улбар шар өнгөтэй, шулуун, буржгар, урт богино байжээ. Харин цагаан өнгийн үсийг зөвхөн Людовик хаан болон хааны гэр бүлийн гишүүд зүүх боломжтой байсан юм.  Людовик хаан үүнтэй холбоотой тушаал хүртэл гаргаж байж.  Учир нь тухайн үед цагаан өнгийн хиймэл үс нэн ховор байсан гэдэг.  Зарим хүмүүс цагаан өнгө оруулахын тулд хиймэл үсэндээ энгэсэг хүртэл түрхдэг байсан аж. Харин зарц, шивэгчид хар, саарал, хүрэн гээд хэд хэдэн өнгийн үстэй байсан гэнэ. XIV Людовик хааны үед 45 төрлийн хиймэл үс байсан гэж тэмдэглэн үлдээсэн нь бий. Албан ёсны толгойн гоёлд тооцогддог байсан  нь хиймэл үсний эрэлт хэрэгцээг өсгөж илүү өндөр үнээр худалдаалахад хүргэж байсан гэдэг. Хиймэл үсний үнэ ойролцоогоор 2000-3000 алтан экю гэхээр хэр үнэтэй худалдаалагдаж байсан нь харагдах байх.